Н.Батбаяр: Валютын ханшийг тогтвортой байлгах бололцоотой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
₮
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Хэмнэлт тооцож байгаа ямар ямар зардал орж байгаа вэ? Төрийн албан хаагчаа цөөрүүлэх боломж байхгүй юу?
:
Сангийн сайд Ч.Улаан:
-20 төрлийн зардлыг бид ангиллаар нь авч үзэж байна. Бичиг хэрэг, түлш, урсгал засвар, мал эмнэлгийн үйлчилгээ, томилолт, нэг удаагийн тэтгэмж, урамшуулал олгох гэх зэрэг. Урсгал зардал танана гэдэг нь амьдрал дээр тулдаг асуудал. Ажил нь дуусаж, баталгаажсан санхүүжилтийг бүрэн олгосон. Харин өнөөдөр ажил нь дуусаагүй, баталгаажаагүй объект байхыг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтыг нэмэх боломж энэ онд гарахгүй. Одоо төсөвлөгдсөн хэрэгжиж эхэлж байгаа объектуудыг ч гэсэн авч үзэх болно.
:
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
Төрийн албан хаагчдын орон тоо, хүнд суртлыг багасгах гэдэг дээр санал нэгтэй байна. 1000 хүнийг ажлаас нь халж болно. Цаана нь 40 мянган хүний амьдрал байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.
:
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Чалко"-гийн гэрээг 70 ам.доллар байсныг 30 ам доллар болгосон байна гэж МАН-ын дарга М.Энхболд хариуллаа. Гэтэл та бууруулаагүй гэлээ. Аль нь үнэн бэ? Тодорхой хэлнэ үү?
:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
УИХ-ын гишүүд гэрээг нь үзэх шаардлагатай бол үз. Бид худлаа яриагүй. 350 сая ам.доллар аваад Хүний хөгжлийн санд очоод 21 мянган төгрөг болоод тараагдсан шүү дээ. Үнийг нь унагаагаагүй. Хятадын дөрвөн боомт дээр байгаа нүүрсний үнийн дунджаар өгч авах гэрээ хийгдсэн юм билээ. Баасанхүү гишүүн эргэлзээд байгаа бол гэрээг нь үз. Уг нь 90 ам.доллараар өгөхөөр хэлэлцээд, хоёр сар зогссон юм. Өнөөдөр орж ирж байх ам.долларыг бид хоёр жилийн өмнө авчихсан. Тийм учраас өнөөдөр орлого орж ирэхгүй байна.
.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Бид эдийн засгаа үнэлдэг, дүгнэдэг, шинжилдэг багажаа солих цаг болжээ. Ард түмнээс хол 10 үзүүлэлтийн дунд л бид ярьж байна. Өнөөдөр валютын ханшийг яаж тогтворжуулах вэ гэж асууж байна. Юмны үнийн өсөлтийг зогсоогоод өгөөч гэж ард түмэн гуйж байна. Асуугаад хариулт нь гарч ирэхгүй байгаа зүйл байна. 1384 гэсэн валютын ханшийн төсөөллөө эдийн засаг өөрчлөгдсөн энэ үед яаж тооцогдсон юм бэ?
.
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Валютын ханшийн төсөөллийг 1384 төгрөгөөр тооцсон. Энэ бол орж ирэх валютын ханш. Амьдрал дээр цэвэр өнөөдрийн ханшаар орж ирсэн. Бид гаднаас мөнгө босгох хэмжээг дээрх ханшаар үзсэн. Харамсалтай нь гаднаас мөнгө орж ирэх боломжийг та нар хаасан. Өнөөдөр бид УИХ-ын өгсөн чиглэлийн хүрээнд оруулж ирсэн. Валютын ханшийг тогтвортой байлгах бололцоо бий. Ингэхийн тулд УИХ, Засгийн газар, Монголбанк гурав "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" байх ёстой. Бид баялагтай улс. Баялагтай улс мөнгө босгоод, эдийн засгаа өөд нь татаад явж болно.
.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Төрийн албаны бүтэц бүрэлдэхүүн илүүдэл жинтэй болсон гэдэгт санал нийлэх үү? Сүүлийн жилүүдэд 10-аар төрийн албан хаагч нэмэгджээ. Цалингийн зардал ч энэ хэрээр нэмэгдэж байгаа. Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлгээг хариуцлагын системтэй нь хослуулсан бодлого оруулж ирээч ээ.
.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
-Өнгөрсөн жил 51900 хүнийг байнгын ажлын байртай болгосон. Яг нарийндаа 58 мянган хүнийг ажлын байртай болгосон. Төрийн албан хаагчдын ажлын байрны давхардал, ажлын үнэлэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн яам нэлээдгүй ажлыг хийж байгаа. Энэ жилийн цалинг МҮЭ-ийн саналаар цалинг нэмэгдүүлсэн.
:
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч энэ оны төсвийн тодотгол дээр гишүүд ач холбогдол өгч, үдээс хойшхи хуралдаанаараа ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Гишүүд асуулт авч дууссаны дараагаар саналаа хэлэх юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ