Багийн шинэчлэл Сүхбаатар аймагт үргэлжиллээ

img

Сүхбаатар бол хилийн бүсийн аймаг. Монгол Улс далайд гарах хамгийн дөт гарц учраас Баруун-Урт хотыг цаашид Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор бүс болгох төлөвлөгөө бий. Эрчимтэй бүтээн байгуулалт өрнүүлэн өнгө төрхөө өөрчилж байгаа Баруун-Урт хотод амьдрах тав тухтай орчин бүрдэхийн хэрээр иргэд, залуус нь орон нутагтаа суурьшиж байна. Хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэнх аймагт татрахгүй байгаа бол Сүхбаатарт сүүлийн гурван жилд 1000 гаруй өрх аймгийн төвдөө буцан нүүж ирсэн гэж аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ. Инженерийн дэд бүтэцтэй шинэ суурьшлын бүсээс гадна аймгийн төвд угсармал орон сууцууд босч эхэлжээ. Энэ нь орчин үеийн тав тухыг эрхэмлэдэг залууст таатай нөхцөл болж, Баянхонгорт амьдарч байсан залуу гэр бүл хоёр өрөө байраа 60 сая төгрөгөөр зараад Сүхбаатарт 40 сая төгрөгөөр ижил хэмжээтэй орон сууц, зөрүүгээр нь машин худалдаж аваад энд суурьшсан байх жишээтэй.

s

Төв суурингийн шинэчлэлийн жишиг болж байгаа ч айл өрхийнхөө хаалгаар төрийн үйлчилгээ оруулж ажиллахад бусад аймгийн адил бэрхшээл байгааг өнөөдөр Сүхбаатар аймагт өрнөсөн “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгээр орон нутгийнхан хөндлөө. “Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа хөдөөд сайн хэрэгжих, эсвэл саатаж удаашрах нь багаас хамаарч байна. Энэ нь багийн дарга нараас биш манай тогтолцооноос шалтгаалдаг” гэж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь онцоллоо.

fd

Хилийн бүс нутаг учраас Сүхбаатар аймгийн захын сумдад хилийн зөрчил маргаан, малын хулгай олон гардаг. Тэр бүрт газар дээр нь очиж баримтжуулах, зохицуулалт хийх амаргүй үүрэг хөдөөгийн багуудын даргад ногддог байна. Харин аймаг, сумын төвийн багийнхны зүгээс нэг цэгээс иргэддээ үйлчилдэг болмоор байна, газар зохион байгуулалтад багийн Засаг даргын санал авдаг болгомоор байна, аар саар жижиг асуудлыг бие даан шийдвэрлэх төсөвтэй болмоор байна гэхчлэн олон санал хэллээ. Багийн Засаг дарга айлуудаараа биечлэн очих шаардлагатай онцлог албан хаагч учраас конторын ажилтнуудын адил хурууны хээгээр цаг бүртгүүлж, цалингаа хасуулах нь шударга бус байна. Албаны ажил амжуулах шатахуун, утасны зардалд цалингаасаа нэмэрлэдэг бидэнд ийм дарамт илүүц гэж зарим нь учирлалаа.

fsd

Шинэчлэлийн Засгийн газар засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлыг сайжруулахад анхаарч, шинэчлэлийн бодлогодоо энэ ажлыг гардан хийдэг хүмүүсээс санал авч байгаад орон нутгийнхан талархалтай байна. Багийн шинэчлэлийн талаар ярилцах дараагийн хэлэлцүүлэг Дорноговь аймагт үргэлжлэх ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
баг гэдэг нэгжийн хэрэг байна уу.
2014-05-10