
2012 онд дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаар гаргасан урьдчилсан таамаг дахь тоон үзүүлэлтүүдээ НҮБ бууруулжээ.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлт урьд нь тооцоолж байснаас нэг хувиар буурч 2,6 хувь болно. Байдал бүр муугаар эргэвэл энэ үзүүлэлт 0,5 хувь болтлоо буурч магадгүй аж. Нью-Йоркт танилцуулсан илтгэлд тэмдэглэснээр, Европт бий болсон асуудал АНУ-ын эдийн засгийн уналттай давхцан дэлхий нийтийг хамарсан уналтад хүргэж болзошгүй байна.
НҮБ-ын урьдчилсан таамгийг Олон улсын валютын сангийн шинжээчид хүлээн зөвшөөрчээ. “Еврогийн бүсэд гарсан хямралаас дүгнэн үзвэл, байдал дордох магадлал байна” гэж ОУВС-гийн төлөөлөгч Герри Райс мэдэгджээ.
Түүний хэлснээр, аравдугаар сард ОУВС-гийн сүүлийн илтгэл нийтлэгдсэнээс хойш үзүүлэлт урьдынхаасаа буурч, зах зээлийн байдал ч муудсан байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн талаарх тус сангийн ээлжит урьдчилсан таамаг ирэх оны нэгдүгээр сард гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ