
Энэ жилийн сүүлчийн бөгөөд улирал эхэлснээс хойшхи анхны Эл Классиког бид бахдан үзлээ. Испанийн эзэн хааны Реал Мадрид Сантьяго Бернабау цэнгэлдэхдээ каталоны Барсаг хүлээн авч тоглолоо. Тоглолтын өмнө Эл Классикогийн өрсөлдөөн маш хүчтэй өрнөнө хэмээн мэргэжилтнүүд таамаглаж бичиж байсан.

Мэдээж өрсөлдөөнгүй Эл Классико гэж байхгүй л дээ. Гэсэн ч Барса клуб одоохондоо өрсөлдөгчгүй гэдгээ алдарт Реал дээр батлан харууллаа. Тоглолт дөнгөж эхэлмэгц Реалын Карим Бензема өндөр түвшний тоглогч болохоо баталж Барсагийн хаалганд гоол хийснээр Саньтяго Бернабау “буцлаж” эхэлсэн юм.
Гэвч тун удалгүй Реалын хамгаалагч нарыг Месси төвөггүй хуурч гайхалтай дамжуулалтыг Алекс Санчест хаяж өгөн, цаадах нь чулуу болгосноор тооны харьцаа 1:1 болсон юм.
Реалын шилдгүүд тоглолтын турш хүчтэй сөрөг довтолгоонууд өрнүүлж байсан ч Барсагийн хамгаалалтад нурж тоглолтын санаачлагыг алдаж байлаа.

Анхель де Мария, Карим Бензима, Кака нар сайн тоглосон ч гол найруулагч Месут Озель, Гонзала Игуаин, Хедира нар бүтэлтэй тоглоогүй нь Реалыг тэнцээнээс ялагдал руу хөтөлсөн гэж болно.
Багийн гол түлхүүр Криштиан Рональду Иньеста, Шави, Пуйоль нарын ухаалаг хамгаалалтыг аргалж чадаагүй юм.
Шави Эрнандесийн хүчтэй цохилт Марселод ойн Касильясын хаалганд орж улмаар энэ цагаас эхлэн Барса тоглолтын санаачлагыг атгаж, тайван бөгөөд ухаалаг довтолгоо өрнүүлж эхэлснээр тоглолт ойлгомжтой болж эхэлсэн гэж болно.
Барсагийн эгнээнд орж Эл Классикод гоол хийх нь Сескийн мөрөөдөл гэдгийг хөлбөмбөгийн хорхойтнууд мэддэг болсон.
Хоёрдугаар хагасын 66 дахь минутад Дани Алвесын дамжуулалтаар Сеск Фабрегас мөргөж гоолдсоноор их буучдын экс довтлогчийн жинхэнэ мөрөөдөл энд биелсэн болов уу.

Тоглолтын төсгөл дөхөхөд Жозе Моуриньо Кака, Хедира нарыг солилцоогоор талбайд гаргасан ч дүр зургийг өөрчилж дөнгөсөнгүй.
Ийнхүү гайхамшигт Эл Классико Барсагийн ялалтаар буюу 3:1-ээр дууссанаар адилхан 37 оноотой ч Барса Ла лигийн тэргүүн эгнээнд энэ улирлын турш анх удаа бичигдэж эхэллээ. Дэлхий дахиныг эзэрхийлж буй Барсаг хүснэгтийн нэгдүгээр байрнаас буулгаж дөнгөх нөхцөл боломж одоо үлдсэнгүй. Өнгөрсөн шөнийн тоглолт Ла лигийн тэргүүн байрны төлөөх өрсөлдөөн гэхээсээ илүүтэй дэлхийн хамгийн шилдэг хоёр клубын тулаан гэдгээрээ илүүтэй олны анхаарлын төвд орсон билээ.
Тоглолтын өмнө Аваргуудын лигт нэг ч хожигдолгүй хэсгээсээ шалгарч Голландын Аяксыг 3:0-оор хожсон, Ла лигд 15 дараалсан хожилтой яваа гэхчлэн статистикийн гайхалтай үзүүлэлтээр нь дүгнэвэл Реал Мадрид Барсагийн эзэрхийллийг дэлхий дахинд төгсгөж чадах мэт харагдаж байлаа.

Гэвч хөлбөмбөгийн ногоон талбай илүү бодит дүгнэлтийг бидэнд ийнхүү үзүүлсэн юм. Пеп Гуардилио багаа удирдан Сантьяго Бернабауд зургаа дахь удаагаа ирээд ийнхүү дөрөв дэх ялгуусан хожлоо аваад буцлаа.
Өнөөдөр каталонд Барсачууд баатрын ёсоор баяраа тэмдэглэж байгаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулах эцсийн шатанд Месситэй хамт үлдсэн Шави Эрнандес Барсагийн төлөөх 600 дахь тоглолтоо Эл Классикод ялалт байгуулсан баяраа тэмдэглэж буй бол эсрэгээрээ Реалын Гонзало Игуаин 24 насныхаа төрсөн өдрийнхөө баярыг 85000 хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэн дээр ялагдсан амжилтаар мялааж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ