Бээжин хотыг буутай цагдаа нар хамгаалж эхлэв
Хятадын нийслэл Бээжин хотыг буутай цагдаа, тусгай хүчнийхэн хамгаалалтадаа авч эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус хотын захирагч Гуо Жинлунтийн тушаалаар Шинжаан мужийн Уйгур үндэстнүүд удаа дараа террорист халдлага үйлдэх болсон тул нийслэл хотыг хамгаалахаар зэвсэглэсэн эргүүлийн цагдаа нарыг байршуулсан хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Хамгаалалтын 10-15 цагдаа хотын гол замуудыг хамгаалах бөгөөд 3 км-ийн зайтай нэг групп болон байршиж эхэлсэн байна. Мөн шатахуун худалдан авахдаа заавал цагдаад бүртгүүлж, иргэдийг иргэний үнэмлэх болон Хятад улсын иргэн гэж батлах бичиг баримттайгаа явахыг сануулжээ. Хотын дарга “Энэ нь удахгүй болох Тянь Ань Минийн бослогын 25 жилийн ойны өмнө хэрэгжүүлж буй ажиллагаа” гэж хэлжээ.
Өнгөрөгч оны аравдугаар сарын 27-нд Бээжин хотын төв талбайд террорист халдлага гарч таван хүн амиа алдсан юм. Мөн энэ оны гуравдугаар сард Куньминд хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, 29 хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг шархдуулсан билээ. Мөрдлөгийн явцад дээрх халдлагуудыг Уйгар үндэстнүүд хийсэн нь нотлогдсон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ