Обамагаас зөөврийн пуужин нийлүүлэхийг хүснэ
Сирийн сөрөг хүчний тэргүүн Ахмед аль Жарб нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өнөөдөр уулзах юм. Тэрбээр энэ үеэр Обамагаас зөөврийн пуужин нийлүүлэх зөвшөөрөл авах гэж буйгаа мэдэгдэж, туслалцаа хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Пуужинг АНУ эсвэл тэдний зөвшөөрөлтэйгээр өөр ямар нэг холбоотноос авахад дэмжлэг хүсч байна гэжээ. Аль Жарб “Бид АНУ-ын ийм зэвсэг нийлүүлэх эсвэл бидний найз нарыг ийм зэвсгээр хангахыг зөвшөөрүүлэх зорилготойгоор энэ айлчлалыг хийж байна. Бид зөвхөн цөөн тооны зөөврийн пуужин авах сонирхолтой байгаа бөгөөд болгоомжтой ашиглах болно. Энэ бол бидний сүүлчийн найдвар” гэж ярьжээ.
Аль Жарба өчигдөр Пентагоны төлөөлөгчидтэй уулзсан юм. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч энэ тухай “Бид байр сууриа өөрчлөөгүй. Энэ зэвсгийг хүмүүс гартаа оруулбал манай ашиг сонирхол ихээхэн аюулд орж магадгүй гэсэн түгшүүр байна. Хэрвээ иргэний дайны хямралд автаад буй Сирийн ямар нэгэн хүчний гарт зөөврийн пуужин орвол Сири гэх улс устахад хүрэх аюултай” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ