Ч.Улаан: Төсвийн орлого 750 тэрбумаас багагүй тасарна
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны гишүүдийн сонирхсон асуултад Сангийн сайд Ч.Улаан хариулсан юм.
:
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:
-Тодотголын төслийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд боловсруулсан уу?
-Энэ удаагийн тодотголыг УИХ-ын 30 дугаар тогтоолын дагуу боловсруулж оруулж ирсэн. Тодотголыг боловсруулахдаа батлагдсан төсвийг хөндөхгүйгээр зарим төрлийн урсгал зардлыг бууруулах замаар нэн тэргүүнд тулгамдсан зайлшгүй шийдэх асуудлыг тусгах зарчмыг баримталсан. Энэ үүднээс урсгал зардлыг нийт дүнгээр 40 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэсэн хөрөнгөнөөс гурван талт хэлэлцээрийн дагуу цалин хөлсийг нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнчлэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан.
Харин УИХ-аас сая баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар өнгөрсөн хуралдаанаараа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол баталлаа. Гэхдээ хугацаа шаардсан ажил нэлээд бий. Иймээс Засгийн газар энэ оны улсын төсвийн тодотголыг иж бүрнээр нь боловсруулан наймдугаар сар гэхэд УИХ-д өргөн мэдүүлнэ.
₮
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:
-Хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого яагаад тасалдсан бэ?
-Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа. “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа. Энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа.
₮
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Хэмнэлтийг яаж гаргаж байгаа вэ? Төсвийн хөрөнгө мөнгөөр сурталчилгаа явуулахгүй байхад хэрхэн анхаарч байна.
-Тэвчиж болох зардлын хүрээнд бараа, ажил, үйлчилгээний зардлыг нийт дүнгээр нь авч үзэхэд 15 хувиар хэмнэх тооцоо гарч байгаа. Төсөвт тусгасан “мэдээлэл, сурталчилгааны зардал” гэсэн хэсэгт нийтдээ 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан. Одоогоор 4 тэрбумын үлдэгдэлтэй байгаа. Үүнийг 30 хувиар хэмнэж, нийтдээ 1 тэрбум 39 сая төгрөгөөр багасгахаар тооцсон. Тухайлбал, мэндчилгээ дэвшүүлэх шоу маягийн зардлаа багасгаад, ажлаа бол сурталчилна.
₮
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Зургаан сарын өмнө 2014 оны төсвийг баталсан. Одоогоор 400 гаруй тэрбум төгрөгийн тасалтай явж байна гэж Сангийн сайд хэлж байна. Дэлхийн банк, ОУВС-гаас гаргаж байгаа судалгаагаар 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувиас хэтрэхгүй гэдэг төсөөлөл гарч байгаа. Энэ Засгийн газрын эдийн засаг, сан барьсан нөхөд эдийн засгийн өсөлт авчирч чадахгүй байна. Төсвийн жил дундаа орж байхад 400 тэрбум төгрөгөөр тасарна гэдэг бол цаашид их наяд төгрөгт хүрэх нь ээ? ЗГХЭГ-ын төсөв яагаад 2,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бэ?
₮
-Үндсэн шалгуур үзүүлэлтээ бид хөдөлгөөгүй. ЗГХЭГ дээр төсөв нэмэгдсэн биш. Дотор нь хөдөлгөсөн юм. Хилийн хууль батлаад Боомтын нэгдсэн захиргаа байгуулж, ЗГХЭГ-ын харъяа шилжүүлсэн. Улсын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай тогтоол гаргахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болсон. Монгол Улс таван төсөвтэй гэсэн хариулт өгсөн юм Асуулт хариулт дууссаны дараагаар УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд уг хуулийн төслийг татах тухай горимын санал гаргасан. Тэрбээр:
₮
-Энэ тодотголыг буцаая. Жинхэнэ төсвөө ирэх наймдугаар сард жинхэнэ төсвийн тодотголоо оруулж ирнэ гэж байна. Тэр үед нь Төсвийн тодотголоо хэлэлцье. УИХ ажилгүй байгууллага биш. Дээр нь төрийн алба данхайж, төрийн албан хаагчдын тоо нэмэгдлээ гэсэн саналыг хэлсэн юм. М.Энхболд гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжсэнгүй. Гишүүд төсвийн тодотголтой холбоотой саналаа хэлсний дараагаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ