Төрийн данхайсан бүтэц хямралд хүргэсэн
УИХ-ын гишүүн Су.Батболд Н.Номтойбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотголын төсөлд тусгасан төсвийн зардал хэмнэхэд төрийн албаны данхайсан бүтцийг багасгах шаардлагатай хэмээн үзсэн байна. Тиймээс өнөөдөр энэ талаараа Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлага хүргүүлжээ. Засгийн газар төрийн захиргааны бүтцийг данхайлгаж, төрийн албан хаагчдын тоог үлэмж нэмсэнд шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна.
а
2012-2013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн. Үүний гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэн, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэдгийг Су.Батболд гишүүн онцоллоо.
а
Төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой гэв. Тодруулбал, өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлснийг тэд хэлж байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ