Бүгдийнх нь урсгал зардлыг 14 хувиар бууруулах санал оруулав
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотгол, түүнийг дагалдах хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Тус байнгын хороонд харьяалагдах яамдын урсгал зардлыг бууруулах, яамдтай холбоотой 150 гаруй "царцаасан" обьектын талаар байнгын хорооны гишүүд байр сууриа нэгтгэсэн юм. Төсвийн тодотголд УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн, Засгийн газрын зардлыг бууруулж бондын эргэн төлөлтийн санд бүрдүүлэхээр тусгажээ. Тиймээс төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр зардлаа бууруулж, бондын эргэн төлөлтөд зарцуулахаар болсон байна. Үүний дотор 2014 оны Төсвийн тодотголын төсөлд тусгасанаар УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын урсгал зардлыг 14 хувиар бууруулах санал оруулжээ.
1
Ингэхдээ Засгийн газрын харьяа яам, агентлагийн урсгал зардлыг багаар тооцсон нь хэлэлцүүлгийн явцад маргаан дагууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Энхболд "УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн урсгал зардлыг 14 хувиар бууруулж байгаа бол Засгийн газар, түүний харьяа байгууллагууд ч мөн 14 хувиар зардлаа бууруулах ёстой. Ижил хэмжээгээр бууруулах зарчмын саналтай байна" гэлээ. Харин Сангийн сайд Ч.Улаан "Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд зарим зардлыг 10-30 хувиар бууруулахаар тусгасан. Харин УИХ-ын 30 дугаар тогтоолоор урсгал зардлыг 20 хувиар буруулахаар заасан. Урсгал зардал, зарим зардал гэдэг шал хоёр өөр ойлголт. Яам болгоны чиг үүрэг, үйл ажиллагаа нь өөр өөр байдаг учраас бүх яамны зардлыг ижил хувиар хасч болохгүй байна" гэсэн юм. Тиймээс байнгын хорооноос УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн зардалтай ижил хэмжээнд Засгийн газар, түүний харьяа агентлагууд хасалт хийнэ гэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүдийн олонхи зөвшөөрлөө.
1
Мөн байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар "Төсвийн үр ашиггүй зардлыг багасгах, орон тооны асуудал болон цалин нэмэх асуудлаар аудитын шалтгалт хийж, үр дүнг нь УИХ хэлэлцэх ёстой" гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд "Аудитын ерөнхий газар бүх яамны жилийн эцсийн шалтгалт, тайланг шалгаж байгаа. Шалгалтын дүнгээ ирэх зургадугаар сард УИХ-д танилцуулах ёстой. Тэр шалгалтад нь нэмэлт оруулж, яамдын орон тоо нэмэгдсэн эсэх, үр ашиггүй зардлын дүгнэлтийг УИХ-д гаргаж өг гэсэн албан бичиг хүргүүлэх хэрэгтэй. Нэгэнт хийж байгаа шалгалтыг тогтоолын төсөлд тусгах шаардлагагүй" гэсэн юм.
Хуралдааны төгсгөлд гишүүдийн гарсан горимын санал болон бусад дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ