Зочид буудал, амралтын газруудад хяналт тавина

img

Нийслэлийн Засаг дарга “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай”  А/375 дугаар захирамж  гаргаж, нэгдсэн байдлаар зохицуулалт хийхээр болсон талаар Нийслэлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Захирамжаар нийслэлийн хэмжээнд их, дээд болон ЕБС-ийн төгсөлтийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан БСШУ-ны сайдын 2007 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаалыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/ болон дүүргийн  Засаг дарга нарт үүрэг болгожээ.

.

Мөн энэ ажлын хүрээнд оюутан, сурагчдыг архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулж, машинт болон явган  эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг нийслэлийн Цагдаагийн газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд төгсөлтийн баярыг их, дээд сургуулиудад “Архигүй”, ЕБС-д “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар, их, дээд сургууль болон коллеж, ЕБС-ийн захирлуудад үүрэг болголоо.

.

Хэрвээ төгсөлтийн баярыг зохион байгуулах нэрийдлээр эцэг, эхчүүдээс мөнгө хурааж авсан болон ЕБС-ийн сурагчдаас архидан согтуурч,  гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, удирдлагуудад хариуцлага тооцохыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг өгчээ.  Оюутан, сурагчдыг болзошгүй аюул, осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Монголын Оюутны холбоо”, “Монголын  Сурагчдын холбоо”  зэрэг  байгууллагуудтай   хамтран зочид буудал болон  хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазад шалгалт хийж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газарт үүрэг болгосон байна.

.

Төгсөлтийн баярын үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгсөгчдийн нэрэмжит мод суулгах газрыг тусгайлан гаргаж, ногоон төгөл, эко орчин  бүрдүүлэхийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа, их, дээд сургууль болон коллеж, ЕБС-ийн  захирлуудад үүрэгдлээ.

.

Мөн энэ захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазын удирдлагуудад  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Архидан  согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг  анхаарууллаа.

:

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ