Төрөөр тоглохоо зогсоохыг шаардав
МАН-ын Удирдах зөвлөлөөс сүүлийн үед нийгэм, улс төрд болсон үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тус намын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчмыг ард түмний үнэт зүйл болгох ёстой. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Төрийн сайдын алдаа завхрал, хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо. Эрх баригч намууд хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ УИХ-ын үйл ажиллагааг хоёр сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн АН, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна" гэжээ. Түүнчлэн "хуулийн байгууллагуудыг хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон "нохойд барьдаг мод" мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Тиймээс шударга шүүх засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж байна" гэсэн байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ