Донецкт бие даасан сонгууль явуулна
Украины зүүн хязгаарын Донецк хот энэ сарын 11-ний өдөр бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар улс болсоноо зарласан Оросын талыг баримтлагчид өчигдөр “Донецк Бүгд найрамдах” улсдаа томоохон хэмжээний чуулга уулзалтыг зохион явуулжээ. Тус уулзалтад хотын иргэд болон 1000 гаруй дэмжигч оролцсон гэж “Ukraine agency” мэдээллээ.
Донецкийн бүгд найрамдах улсын дарга Денис Пушилин тус чуулганыг нээж үг хэлжээ. Тэрбээр “Энэ сарын 25-ны өдөр явуулахаар төлөвлөгдөөд байгаа Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж, оролцохгүй байхыг ард түмнээсээ хүсч байна. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд ирэх есдүгээр сарын 27-нд бие даасан сонгуулийг явуулахаа мэдэгдье. Сонгуулийн үр дүнгээр Украинаас харилцаагаа бүр мөсөн таслах болно. Энэ бүхэнд Орос болон Путин туслах болно” гэжээ.
Өнөөг хүртэл Украины арми болон Оросын талыг баримтлагчид ширүүн тэмцэлдсээр буй. Пушилин Украины арми заасан хилийг нь давсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэхээ сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ