Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шоронд хорьдог байдлыг арилгана
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр таван асуудлаар санал солилцсон. Үүнээс гурван асуудлаар нь мэдээлнэ хэмээн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар мэдэгдсэн юм. УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх бөгөөд уг асуудлаар бүлгийн хурал дээрээ хэлэлцсэн байна.
5
Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар Монгол улсын иргэн бүр 3 сая 84 мянган төгрөгийн өртэй байгаа бол 2016 онд 6.4 сая төгрөг болж нэмэгдэнэ. Өрийн удирдлагын тухай хуулинд заасанчлан өрийн хэмжээг нэмэгдүүлснээр 2014 онд Монгол улсын Засгийн газар гадны орнуудаас 6.1 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой. 2015 онд 2.8 их наяд төгрөгийн зээл авах боломжтой. 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээлийг авах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл үлдэж буй гурван жилийн хугацаанд 11 их наяд төгрөгийн зээлийг авна. Өнөөдрийн байдлаар 8.1 их наядын зээл авчихсан байгаа. Ингээд үзвэл 19.1 их наяд төгрөгийн зээлийг таван жилийн хугацаанд Монгол улс авах нь. Гэтэл өнгөрсөн хугацаанд авсан зээл маань үр ашгаа өгсөн билүү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ний өсөлтийг 2011 онд 14.8 хувиар тооцсон байсан бол 2014 онд 7 хувь болж буурсан байна. Зээл аваад байгаа мөртлөө ДНБ өсөхгүй байна. Зээлийн өсөлт нэмэгдээд байгаа мөртлөө ДНБ өсөхгүй байгаа нь ард иргэдэд л хүндээр тусна. Тиймээс МАН-ын бүлэг өр тавихыг хатуу эсэргүүцэж байна.Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан мөртлөө уг хуулиудтайгаа зөрчилдсөн хуулийг УИХ-аар оруулж ирэх гэж байгаа тул МАН-ын бүлгээс дэмжихгүй" гэдгээ мэдэглээ.
5
Мөн МАН-ын бүлэг сүүлийн үед гарч буй хүнд гэмт хэргүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт хоёр эмэгтэй хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан, цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан, аав нь хоёр хүүхдээ шатаасан мөн иргэн А нь гэм буруугүй нь тогтоогоогүй байхад урьдчилан хорих төвд амь насаа алдсан гэх мэт хэргүүд гарсан. Үүнтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг бүлгийн хуралдаа суулгаж, үүсээд буй нөхцөл байдалд хариуцлага алдсан зүйл байна уу үгүй юу гэдгийг тодруулсан. Өнөөдрийн байдлаар гэм буруутай нь тогтоогдоогүй мөртлөө 1365 иргэн хорих байранд хоригдож байгаа аж. Үүнээс сүүлийн гурван жилийн хугацаанд 6 хүн нас барсан байна. Ер нь гэм буруутай нь тогтоогдоогүй мөртлөө шоронд хоригддог байдлыг арилгахын тулд МАН-ын бүлгээс ажиллана гэдгээ мэдэгдлээ. Энэ талын хуулийн зохицуулалтыг ч хийхээр бэлтгэж байгаа гэв. Мөн үүнтэй холбогдуулж хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийн дэд хороог шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг шаардана гэлээ.
5
Тус намын бүлгийн дараагийн асуудал нь "Газрын тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ хууль нь Үндсэн хуулийн дараа орох чухал хууль гэж МАН-ын бүлгээс үзэж байгаа аж. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хууль нь алдаатай, засч янзлах зүйл ихтэй хууль болсон гэлээ. Цаашилбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр цөөхөн хүмүүс хувааж авах нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул тус хуулийг эргүүлэн татаж авахыг санууллаа. Тиймээс газрын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг гаргасны дараа Газрын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж тус бүлгээс мэдэгдлээ.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ