Жуулчдын аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалт боллоо
Өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт-3” зочид буудлын IV давхарт байрлах ресторанд гал гарсан байна. 14.30 цагт Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гал унтраах ангийнхан дуудлагын дагуу очиход гал түймэр газар авч, зочид буудлын гадна байрласан авто машин шатаж байжээ. Гал сөнөөгчид автомашины галыг унтрааж, аврах ажиллагааг цаг алдалгүй явуулснаар олон хүний амь насыг аварч, газар авсан түймрийг бүрэн унтрааж чадлаа. Гэхдээ энэ бол жинхэнэ галын дуудлага биш нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Корпорейт-3” зочид буудалтай хамтран зохион байгуулсан гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт байв. Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг үзүүлэх, авран хамгаалах ажил, анхны тусламжийг бодитоор үзүүлсэн уг сургалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй болон томоохон 33 зочид буудлын захирал, менежер, инженер техникийн 76 ажилтан хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ