“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал, үзэсгэлэн болно

img

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Монголын Эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээний олон улсын хурал нь Туушин зочид буудалд болж, үзэсгэлэн нь Чингисийн талбайд гарах аж. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав, Эрчим корпорацийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

й

Олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцох гэнэ. Тэд энэ өдрүүдэд монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцах аж. Олон улсын үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын аж ахуй нэгж, компаниуд оролцох юм байна.

й

Үзэсгэлэнгийн үеэр эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухай болон, шинэ техник, технологи, тэдгээрийн нийлүүлэлтийн тухай олон нийтэд танилцуулах юм. Энэ нь эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л оролцогч талуудыг нэгэн дор цуглуулж харилцан туршлага солилцох сайхан боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэнэ.  Энэ удаагийн “Монголын эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “Бүтээн байгуулалт- Шинэ боломж” уриан дор энэ салбарт хийгдэж буй шинэлэг ажлын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах аж.

й

Ингэснээр эрчим хүчний салбарт хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, шинэ техник технологитой танимлцах, инновацийг таниулан нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц болох гэнэ.

й

Сонирхуулахад , өнгөрсөн жил “Монголын эрчим хүч -2013” олон улсын хурал, үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан байна. Энэ үеэр салбарын бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, шилдэг компаниуд, эрдэмтэн судлаачид, тэргүүлэгч мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсч, шинэ дэвшилтэт техник, технологийн инновацитай танилцаж, харилцан туршлага солилцсон байна. Мөн оролцогч хэд хэдэн байгууллага, компаниуд хоорондоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж түншлэл байгуулсан нь амжилттай хэрэгжиж байгаа аж. Үүний нэг жишээ нь Эрчим хүчний хөгжлийн төв нь Их Британий олон улсын хэвлэлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар жилийн турш тус арга хэмжээг олон улсын түвшинд сурталчилсан гэнэ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ