Б.Жаргалсайхан: Баялгийг судалж, зөв ашиглах нь залуус бидний ажил
Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулсан “Эврика” үндэсний хэмжээний залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн сард болж шилдгүүдээ тодруулсан юм. 2013 оноос эхлэн тус хурлыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн үндэсний хэмжээний 10 компани ивээн тэтгэхээр болсон билээ. 21 дэх жилдээ зохиогдсон тус эрдэм шинжилгээний бага хурлын шилдгийн шилдэг гранпри шагналт оюутнаар ШУТИС-Геологи газрын тосны сургуулийн Ашигт малтмал эрэл хайгуулын 4-р ангийн оюутан Б.Жаргалсайхан шалгарсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна..
6
-“Эврика” үндэсний хэмжээний залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, шилдгийн шилдэг оюутнаар шалгарсанд юуны өмнө баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. “Эврика” эрдэм шинжилгээний бага хуралд анх удаагаа оролцоод шилдэг гранпри шагнал хүртэнэ гэдэг бол миний хувьд үнэлж барамгүй том амжилт. Үүнийг дагаад өндөр хариуцлага ирж байгаа. Цаашид ажил дээр гараад сурч мэдсэнээ хэрэгжүүлэхээс гадна, олон судалгаа шинжилгээний ажил хийнэ гээд төлөвлөсөн. Би залуу хүн цаашид хийж бүтээх зүйл их байна. Манайх байгалийн баялаг ихтэй улс, энэ баялгийг судалж, зөв ашиглана гэдэг залуус бидний хийх ёстой ажил гэж ойлгодог, ахмад үе маань ч үүнийг хүсч байгаа болов уу. Өмнө нь “Эврика” эрдэм шинжилгээний бага хурлын талаар их сонсч байсан ч орж зүрхэлдэггүй, өөрийгөө голж байхад минь зориг, итгэл өгсөн багш нар, гэр бүл, ангийнхандаа, найзууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.
5
-“Эврика” бол 21 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа Монголдоо дээгүүрт ордог ЭШБХурал шүү дээ. Энэ арга хэмжээнд оролцоход ямар санагдаж байв?
-“Эврика” бол яалт ч үгүй өндөр түвшинд зохион байгуулагддаг, босго өндөртэй том хурал гэдгийг мэдэж авсан. Салбар салбарын шилдгүүдийг тодруулж нийгэмд таниулах оюутан болон багш нарын судалгааны ажлыг олонд түгээх, нөгөө талаараа өөр өөр сургуулийн олон салбарын шилдэг оюутнуудтай өрсөлдөх боломж бололцоог олгодог нь маш их хариуцлага, анхаарал шаарддаг юм билээ.
5
-Өрсөлдөгчдийн илтгэлүүдээс аль нь хамгийн сонирхолтой санагдсан бэ?
-Бүх л илтгэлүүд сонирхолтой шинэ санаа, үр дүнтэй, нийгэмд хүртээмжтэй, ашигтай гээд өөр өөрийн онцлогтой байсан. Би өөрөө геологийн салбарын оюутан болоод ч тэр үү “Эврика-2014” ЭШБХ-ын шилдгийн шилдэг багш болсон манай сургуулийн багш Ө.Бүрэнжаргалын танилцуулсан “Баруун Монголын Цээлийн метаморф террейн дэх гүний чулуулгийн (магмын) түрэлттэй холбоотой дулааны хувьсал” сэдэвт илтгэл их таалагдсан.
5
-Чиний илтгэлийн онцлог шинэлэг санаа нь юу байв?
-Энэ жил миний бэлтгэж орсон илтгэлийн сэдэв “Оюут улаан зэс алтны порфирын хүдэржилтийн судалгаа” байсан. Ер нь дэлхий нийтэд зэсийн олборлолтын 70 орчим хувийг энэ төрлийн буюу порфирын төрлийн ордоос авч ашигладаг юм. Манай оронд ч гэсэн энэ төрлийн хүдэржилттэй орд илрэлүүдийг нээж тогтоогдоод байгаа юм. Жишээ нь, дэлхийд нөөцөөрөө нэлээд томд тооцогддог Оюу-Толгой, Цагаан Суварга, Хармагтай, Зуун мод гэх зэрэг ордууд бий. Тиймээс энэ төрлийн ордуудаар өөрөө явж, хээрийн нөхцөлд танилцсан. Ингээд “Оюут Улаан зэс алтны порфирын орд”-ын хүдэржилт болон хүдэр агуулж байгаа чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүн зэргийг судлах судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Түүнийгээ л танилцуулсан юм.
5
-Нууц биш бол шилдэг оюутны шагналаа юунд зарцуулав?
-Мэдээж, оюутан бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл чинь мөнгө шүү дээ. Тэр тусмаа төгсөх курсын оюутан надад цагаа олсон том бэлэг болсон. Шагналын мөнгөнөөсөө сургалтын төлбөртөө нэмэрлэж, төгсөлтийн баяртаа зориулна. Дэмжиж, зориг, урам өгсөн хүмүүсээ баярлуулж байна, тэгээд ч мөнгө үлдсэн. Үлдсэн мөнгөө хадгална даа.
6
-Цаашид илтгэлийн сэдвийн хүрээнд ямар ажлууд хийх бодолтой байна. Ямар дэмжлэг хэрэгтэй байх бол?
-Цаашдаа судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл туурвих эрмэлзэл мэдээж байгаа. Гэвч хөрөнгө мөнгө асуудал шүү дээ. Юуны түрүүнд судалгааг дэмжиж ажиллуулах баг хамт олон болон тоног төхөөрөмжийн хангамж, ажлын таатай орчин нөхцөл хэрэгтэй. Миний хувьд энэ төрлийн судалгааг улам боловсронгуй болгож гүн гүнзгий нарийн судалгааг боломжоороо хийгээд л явах болно. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.
6
-Манайд уул уурхайн салбар хөгжиж эхэлж байна. Сургуулиа төгсөөд аль компанид ажиллах юмсан гэж бодож байна вэ?
-Одоогоор надад геологийн аль нэгэн байгууллагаас ажлын санал ирээгүй байгаа. Гэхдээ миний судалгааны гол талбай болсон Оюут-Улаан зэс алтны порфирын ордын талбайг эзэмшигч “Xanadu Mines ” ХХК энэхүү судалгааг үргэлжлүүлэх боломжийг олговол маш их талархана. Ер нь судалгааны ажил хийнэ гэдэг хүнд нөхцөлтэй. Тэр дундаа мэргэжлийн сайн баг хамт олон, орчин үеийн техник, тоног төхөөрөмжгүйгээр явахад хүндрэлтэй байдаг. Судалгааны ажил дундаа байгалийн буюу геологийн судалгааг явуулахад тоног төхөөрөмжийн бололцоо тааруу байдаг. Энэ тал дээр анхаарч дэмжээсэй гэж хүсч байна.
6
Ярилцсанд баярлалаа Танд амжилт хүсье.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ