Тэд уулзжээ
БНХАУ-ын Шанхай хотод болж буй Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Уулзалтын эхэнд Путин Монгол, Орос хоёр улс он удаан жилийн уламжлалт түүхэн харилцаатай явж ирснийг дурдаад, хоёр орны харилцааны цаашдын ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа хэллээ. Түүхэн харилцааны нэгээхэн хэсэг болсон Халхын голын ялалтын 75 жилийн ойг энэ оны наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг В.Путин онцоллоо. “Гэхдээ манай хоёр орон цаашид хэрхэн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх вэ, эдийн засгийн бүтцээ хэрхэн харилцан ашигтай өөрчлөх вэ гэдэг дээр бидэнд ярилцах зүйл бий” гэдгийг В.Путин онцолжээ.
а
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэд хэдэн сэдвийн хүрээнд, тухайлбал, төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал юм” гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэжээ.
а
Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. “Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд энэ ойн баярт хүрэлцэн ирж оролцохыг урьж байгаагаа Ерөнхийлөгч В.Путинд уламжиллаа. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлэв.
ө
Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яригдсан асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий сайдын Санкт Петербургт хийх уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар болжээ.
5
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ