Ч.Хүрэлбаатар: Төсвийн тодотголыг халтуурдаж байна
Төсвийн байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
:
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Болор танилцуулсан. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тооцоог авч үзсэний үндсэн дээр төсвийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж тодруулсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм.
:
Санал хураалттай холбогдуулан гишүүд асуулт тавьж байна. Р.Амаржаргал гишүүн урсгал зардал нэмэгдсэн шалтгааныг тодруулсан. Тодорхой тэвчиж болох зардлуудаас хассан байдал нь харилцан адилгүй байсан. Гэхдээ хөдөөгийн эмнэлэг сургуулиудын урсгал зардлыг бага хэмжээгээр хасах бодлого барьсан. Орон нутгийн урсгал зардал руу ороогүй гэж ажлын хэсэг хариуллаа. Баянзүрх дүүргийн төрөх эмнэлэг барих мөнгийг хоёр тэрбум төгрөгөөр хасаад ГХЯ-нд шилжүүлж байгааг Р.Амаржаргал гишүүн шүүмжилж байлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
:
-Хөрөнгө оруулалтаасаа хасаад урсгал зардлаа нэмдэг зарчим буруу. Сарын дараа Засгийн газрын зүгээс жинхэнэ төсвийн тодотгол оруулж ирнэ гэсэн. Ингэхдээ урсгал зардлыг хасаад оруулаад ирэх байх. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтаасаа урсгал зардал ру зардал шилжүүлээд байвал буруу л бодлогоор яваад байна. Төсвийн тодотголыг халтуурдаж байна гэлээ.
.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
.
Мөн ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
.
Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.
:
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ