Засгийн газрын хуралдаан боллоо

img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн лхагва гаригт болж, арав гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
fg
Экспортыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээг авна
fg
Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн, арилжааны банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн төслүүдийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгоход шаардагдах 100 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө.
Тус хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг сонгох шалгаруулах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс экспортыг дэмжих, нэмэгдүүлэх 131, импортыг орлох 757 бусад 200 төсөл ирүүлсэн. Экспортыг дэмжих төслүүдийн 61% нь малын түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд байгаа бол импортыг орлох төслүүдийн 30% нь барилгын материалын үйлдвэрлэл, 26% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл байна.
Нийт төслүүдийн хүрээнд 2 тэрбум ба түүнээс доош төгрөгийн зээл хүссэн 579 төсөл байгаа бөгөөд хүссэн санхүүжилтийн хэмжээ нь 341 тэрбум төгрөг байна.
fg
Бразил Улстай боловсролын салбарт хамтран ажиллана
fg
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулахаар шийдвэрлээд байна. Тус хэлэлцээрийн төслийг хоёр тал зарчмын хувьд тохиролцсон бөгөөд хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжин, уг хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт зөвшөөрлөө.
"Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийг байгуулснаар хоёр улсын их дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багш, судлаачдыг сургах, боловсролын салбарын талаарх мэдээлэл солилцох улмаар боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх боломжийг судлах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хэлэлцээр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид тав, таван жилийн хугацаагаар сунгаж байхаар тогтжээ.
fg
Монгол-Тайландын Засгийн газар хоорондын Зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулна
fg
Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватын 2013 оны 4 дүгээр сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Хоёр талын хамтын ажиллагааны Зөвлөл байгуулсан. Тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг Монгол Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хоёр талын хамтын ажиллагааны Монгол-Тайландын Засгийн газар хоорондын Зөвлөлийн анхдугаар хуралдааны тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Цогтсайханд даалгалаа.
Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хуралдааны протоколд гарын үсэг зурах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ