Ц.Даваасүрэн: Өрийн удирдлагад гаргасан алдааг энэ Засгийн газар давтагдсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг сонсов. ҮХЦ-ийн гишүүн Т.Лхагваа дүгнэлтийг танилцуулсан юм. Дараагаар нь энэ оны Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Төсвийн тодотголтой холбогдуулан МАН-ын бүлэг дүгнэлт гаргасан байна. Төсвийн тодотголыг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй байна гэж МАН-ын бүлэг үзжээ. Тиймээс "Гүйцэтгэх засаглал нь УИХ-ын дээр гарсан. Засгийн газар хууль зөрчиж, гадаад дотоод зээл ДНБ-ний 62 хувьд хүрсэн нь хуульд заасан босгыг давсан. Эдийн засгийн хямралын үндсэн болсон Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох цаг болжээ" хэмээн дүгнэлтэд дурджээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан бүх байнгын хорооны дүгнэлтийг уншуулах хэрэгтэй гэж Д.Лүндээжанцан гишүүн сан ал гаргасан боловч энэ нь УИХ-ын Дэгийн заалтад нийцэхгүй аж. Тэрбээр:
:
-Суманд ТҮЦ машин тавих нь одоохондоо хэрэггүй. Бүх сумдад ТҮЦ машины хэрэг байна уу. 150 ТҮЦ машин сумдад хуваарилахаар 800 сая төгрөг нэмье гээд байна. Сумын Засаг даргын Тамгын газар иргэддээ үйлчлэхээр сууж байна. Концессоор авна гэнэ. Хэдэн жилийн дараа бондоос гадна концессийн өрийг төлөх болох нь. Бодлого барих хэрэгтэй. Концесс гэдэг чинь эцсийн дүндээ бас л өр. Иргэдийн өргөдөл мэдээллийг яах вэ гэдэг санал боловсруулахаар ажиллаж байна. Энэ асуудал хураагдсан эсэхийг асуумаар байна шүү гэсэн юм.
:
УИХ-ын дэд дарга М.Энхболд:
-Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Төсвийн тодотголын хэлэлцүүлгийг түр зогсооё, Засгийн газартай өргөн барих гээд байгаа жинхэнэ төсөвтэй нь хамтатган хэлэлцье гэж санал гаргаад дэмжигдээгүй. Өнөөдөр төсвийн орлого эхний улирлын байдлаар 400 тэрбум төгрөгөөр тасраад , хөрөнгө оруулалт 51хувийн биелэлтай байна. Ийм үед тодотгол хийх хэрэг байна уу. Валютын ханш гэж толгой эргүүлсэн зүйл байна. Төсөвт 1380 төгрөгөөр тусгасан. Гэтэл өнөөдөр валют 1840 төгрөгийн ханштай байгаа. Гэтэл зарим цөөн компанид 1400 төгрөгөөр валют өгч байгаа сураг байна. Монголчууд бид валют дээр дөрөв таван ханштай болчихоод байна. Эдийн засгийг эмх замбараагүй байдалд оруулж байгаа байдлыг анхаарч үзэхгүй юм уу. Валютаар тоглож байж эдийн засгийг сүйрүүлэх вий. Засгийн газар бүх зүйлийг УИХ руу түлхэж байна. УИХ-ын шийдвэр гээд, эсвэл валютыг Монгол банк руу чихэж байн. УИХ-ын дарга аа, удирдаж байгаа байгууллагынхаа нэр хүндийг бодооч ээ. Намын бүлгийн дарга нь Засгийн газрын төлөөлөгч юм шиг л ажиллаж байна. Энэ УИХ чинь дараа нь ард түмний өмнө хүлээх хариуцлагатай. Төсвийн тодотголоо жинхэнэ тодотголтой нь хэлэлцье.
:
УИХ-ын дарга З.Энхболд:
-Ханшийн талаарх саналаа М.Энхболд гишүүн Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр санал хураалгах ёстой.
:
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн А.Бакей:
-М.Энхболд гишүүн манай байнгын хороон дээр горимын санал гаргасан. Төсвийн тодотголыг хойшлуулах санал хураахад олонхийн дэмжлэг аваагүй.
:
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Төсвийн тогтвортой байдлын хууль бий болсноор төсвийн тодотгол өөрчлөгдсөн. Өнөөгийн орж ирж байгаа асуудал 2014 оны Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Хөрөнгө оруулалтын жагсаалт нь Сангийн сайдын багцад байсан 140 тэрбум төгрөгийг 160 объектод хуваарилах зохицуулалт хийж байна. Энэ удаад Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол барилгын ажил зогсоно. Улирлын шинж чанартай байдлыг харгалзаад энэ асуудлыг авч үзсэн.
.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Валютын хомсдлыг зориудаар үүсгээд байна. В.Путин Хятад айлчлаад худалдааны хэлэлцээр хийхдээ өөрсдийн үндэсний валютаар хийнэ гэж зарлалаа. Гэтэл бид энэ "ноён доллар" гэж зүйл дээр зориуд хомсдол үүсгэхээ зогсоомоор байна. Өнөөдөр объектуудыг царцааж байгаа. Засгийн газар энэ асуудлаа шийдэх хэрэгтэй.
.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-"00" дүнтэй төсөвлөгдсөн объектуудыг Засгийн газар өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ объектуудыг зээлээр хийхээр оруулж ирсэн байна. Энэ Засгийн газар чинь зээл авахаар өөр ажил хийхгүй, эдийн засгийн өсөлт алга. Бүтээн байгуулалтын ажлуудыг нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хоёр жилд их хэмжээний зээлийг төсвөөс гадуур зарцуулж ирлээ. Үүнд хариулт өгнө үү?
:
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-2000 оны өмнө Өрийн удирдлагад гаргасан алдааг энэ Засгийн газар давтагдсан. Зээл авахыг үгүйсгэхгүй. Зээл хөөцөлдөх асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам зогсоох хэрэгтэй. Сангийн сайд л үүнийг хийх ёстой. 2013 оны эхний хагас жилд Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг ЭЗХЯ УИХ-д оруулж батлуулах байсан. Үүнийг орхигдуулснаас энэ асуудал үүсээд байгаа юм.
:
Гишүүд Төсвийн тодотголтой холбогдуулан сонирхсон асуултдаа ийн хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ