Арнольд Шварценеггер: Сталлоне бол гайхалтай уран бүтээлч
Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер Английн “Daily mail” сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр “Дийлдэшгүй” уран сайхны киноны шинэ ангиад тоглох юм.
:
-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд мөнхийн өрсөлдөгч Сильвестер Сталлоне буюу Рокигийн талаар хөөрөлдвөл уурлахгүй биз дээ?
-Үгүй дээ. Залуу насанд минь цог нэмж байсан найздаа баярладаг. Нэг зүйлийг хэлэхэд, бид хоёрын нөхөрлөл 2010 оноос эхлэлтэй. Нуулгүй хэлэхэд “Дийлдэшгүй” кинонд тоглох санал тавьснаас үүдэлтэй гэж боддог. Чиний хэлж байгаа шиг бид мөнхийн өрсөлдөгчид биш. 70, 80 онуудад бид хоёр дэлгэцийн баатрууд байсан. Би төмөр хүнээр бусдад хайрлагдаж хүндлэгдэж байсан бол Сталлоне Роки гэх шаггүй сайн тулалдчихдаг боксчин залуугийн дүрээр хүүхнүүдийн зүрхэнд шар ус хуруулж байлаа. Хүмүүс болон кино сонирхогчид бид хоёрыг амьдрал дээр бүүр цаашлаад дэлгэцэн дотор тулалдуулж, өрсөлдүүлэхийг хүсдэг байсан. Одоо ч больж дээ. Даанч бид хоёр нэг нэгнээ тоож ч харьцдаггүй байсан. Нас ахиж, ухаан суух болгондоо энэ сайхан эрхэмтэй эртхэн шиг найзлах байж дээ гээд л харамсах юм.
.
-Сильвестер Сталлоне сүүлийн 5-6 жил найруулагч болж кино зохиолын асуудалд нэлээдгүй хугацааг зарцуулж байна. Энэ бүхний гэрч бол “Дийлдэшгүй I, II” кино. Та эхний ангид хальт үзэгдээд өнгөрдөг бол хоёрдугаар ангид түүнтэй гар нийлж тулалдаж буй харагдсан. Миний бодлоор 60, 70 насандаа ингэж гар нийлэх байсан бол эр хүний төгс нас 40, 50-тайдаа хамтарсан бол үнэхээр гайхалтай харагдах байсан даа. Харамсч байна уу?
-Харамсал гэж хэлэх нь арай л тохиромжгүй юм. Хөгжилтэй нь бид хоёр нэг нэгнээ сайн уран бүтээлч гэдгийг мэдсэн мөртлөө огтхон ч харьцдаггүй байсан. Одоо бодоход эр хүний бардам зан гэх юм уу даа. Тиймээ бидний нөхөрлөлийг холбосон “Дийлдэшгүй” киног энэ амьдралынхаа туршид үргэлж хайрлах болно.
:
-Танд “Дийлдэшгүй” киноны зохиол хэр таалагддаг вэ. Би өмнөх хоёр ангийг их шүүмжилсэн л дээ. Сталлоне байнга л “Би дэлгэцийн мөрөөдлийн багийг бүтээсэн” гэж хэвлэлийнхэнд ярьдаг. Тиймээ, Сталлонегийн хөвгүүд мөрөөдлийнх. Харин зохиолын хувьд нэгэн хэвийн. Зүгээр л хүчирхэг эрчүүд. Өөр юу ч байхгүй. Яг л тариан талбайд ажиллаж буй хэдхэн тариачин залуус шиг?
-Залуу минь, чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу. Сталлоне бол гайхалтай уран бүтээлч. Та нар мэднэ шүү дээ. Түүнийг дүр болон зохиолдоо хэрхэн орж буйг. Тэнэг хүнээс тэнэг санаа л гардаг. Харин Сталлоне тэнэг биш ухаантай, хэтэрхий ухаантай төрлийн хүн. Тиймээс ухаантай агуу их баялгаас өчүүхэн зүйл төрөхгүй. Би амьдралынхаа туршид олон ч уран бүтээлд дүрээ мөнхөлж, олон ч бүтээлийг үзэж байлаа. Гэхдээ "Дийлдэшгүй" шиг дийлдэшгүй зохиолыг хараагүй.
.
-Таны хариултыг сонсохоор нэгэн хэвийн, яг л намын ухуулга шиг сонсогдож байна?
-Тийм гэж үү. Тэгэхдээ чи намайг мэднэ. Би хүн царайчилдаг, дорой амьтан биш. Би бол Арнольд Шварценеггер шүү дээ.
.
-Би таныг их ууртай догшин хүн гэж боддог байлаа. Тэгтэл үнэхээр дулаахан хүн байна?
-Би 70 настай. 70 настай хүнд уур хилэн тийм ч зохимжгүй. Бидний насныханд нэг бол үхлээ хүлээж хэвтэх, нөгөө бол жөгжилдөх гэсэн хоёр сонголт л бий.
.
-Та кино дээр гардаг шиг жинхэнэ тулаанд орж байсан уу?
-20 хүртлээ байнга л зодолдож, ээждээ төвөг уддаг байсан. Үеийнхнээсээ хамаагүй том биетэй байсан учир өөрөөсөө 5-6 насаар ах хүмүүстэй нөхөрлөдөг байлаа. Тэднээс айгаагүй юм шиг царайлахын тулд нүүрэндээ ууртай баг зүүгээд цусаа гартал, ясаа хугартал зодолддог байж дээ. Харин жүжигчний замналд эцэс буцалтгүй ороод зодооноос аль болох холдохыг хичээсэн. Энэ бол карьераа хамгаалж буй нэг хэлбэр юм уу даа.
:
-Та дэлхийн бодибилдингийн долоон удаагийн аварга. Залуугийн тань зургийг харахаар нил булчин шөрмөс. Яагаад бодибилдингээр хичээллэх болсон юм бэ?
-Намайг харсан хүмүүст айх сэтгэгдэл төрүүлэхсэн гэж хүссэн юм уу даа. Мөн тэр үед залуучууд бодибилдингээр их хичээллэх болсонтой холбоотой. Би хүүхдүүддээ ямар нэгэн спортоор хичээллэ гэж хэлдэг. Энэ нь хүнд аливаа зүйлийг ялан дийлэх ухаан өгдөг. Хүн өөртөө жаахан ч гэсэн зорилготой болно. Дэлхийн алдартай тамирчид зүгээр ч нэг азтайдаа амжилтад хүрдэггүй юм шүү. Цаана нь асар их хөдөлмөр, хөлс урссан байдаг.
:
-Хүүхэд үеийн тань мөрөөдөл?
-Сайхан амьдрахыг л мөрөөддөг байлаа. Гэхдээ утга учиртай сайхан амьдарна гэсэн үг. Ямар ч хүн хамгийн гол нь бага ч болов зорилготой байх ёстой. Би Америкт сайхан амьдрах зорилготой ирсэн. Түүнийгээ ч биелүүлсэн. Дөнгөж ирээд өөртөө өдөрт нэг ам.доллар 50 цент зарцуулдаг байсан. Тэр мөнгө нэг гамбургер, аяга усны л үнэ. Аль болох хэмнэхийг илүүд үздэг байсан. 50 хүрсэн хойноо л энэ хэмнэлттэй зангаа хаяж, баячууд шиг амьдрах болсон. Би сайхан амьдрахын тулд зогсолтгүй хөдөлмөрлөсөн.
.
-Америкт хөл тавьсан үеэ?
-Бүх зүйл Европынхоос өөр санагдсан. Англи хэлэндээ тааруухан болохоор хүнтэй харьцахад хүндрэлтэй байлаа. Нэг зүйл хэлэхэд, аливаа улсад цагаачлах хүсэлтэй бол тухайн улсын хууль, ёс заншил, хэв маягтай сайтар танилцах, судлах хэрэгтэй. Америк бол олон мужаас бүрдсэн улс. Тэдгээр мужийн хууль нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Хүмүүс үүнийг мэддэггүйгээс болж хэрэгт холбогддог. Тэдгээрийн дийлэнхийг Азийн цагаач иргэд эзэлдэг. Америк, Азийн улсууд хэл, соёлын хувьд асар их ялгаатай. Европ, Өмнөд Америк, далайн улсуудаас ирсэн хүмүүс манай улстай хэл соёлын хувьд ойролцоо болохоор дасан зохицохдоо хурдан.
.
-Би Шотландын иргэн. Америкийн хууль надад хэтэрхий нарийн юм шиг санагддаг. Энэ талаар манай найз нар ч их ярьдаг. Ялихгүй зүйлээс болоод хэрэгтэн болчихлоо гэдэг. Таны хувьд?
-Тиймээ. Үүнийг цагаачлан ирсэн иргэд, гадны улстөрчид хэлдэг. Тайлбарлаж хэлбэл энэ бол жинхэнэ ардчилсан улсын хууль. Шотландад ялихгүй зүйл бол энд гэмт хэрэг болох нь ойлгомжтой шүү дээ. Яагаад гэвэл манай улсад хаант засаг байгаагүй. Хэрэв хаан ямар нэгэн гэмт үйлдэл хийвэл түүнд хариуцлага тооцох зарчим байдаггүй. Мөн танай хүмүүсийн хуучны уламжлал, америк хэв загвартай зохицож чадахгүй байна. Африкийн нэгэн омгийн хүн гэнэт Америкт ирэхээр ямар байдал үүсэх нь тодорхой. Яг үүнтэй адилхан юм.
.
-Та Калифорни муж улсын 38 дахь амбан захирагчаар сонгогдон ажиллаж байхдаа Ерөнхийлөгчөөр сонгогдвол гэж бодож байсан уу?
-Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол миний араас дуучид, жүжигчид ар араасаа улс төр рүү хошуурах болно. Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Америкчууд хэзээ ч ийм сонголт хийхгүй.
.
-Таны хамгийн аз жаргалтай үе?
-1986 онд Мариа Шрайвертэй гэрлэсэн явдал. Удалгүй Софи охин минь мэндэлсэн. Хэрвээ хамгийн аз жаргалтай мөчөө дурс гэвэл энэ мөчийг л хэлнэ дээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ