Сайшаагдсан ч сайжруулах зүйлтэй бирж
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөл, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо хамтран өнөөдөр “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа ба зах зээлд оролцогчид” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид хөдөө аж ахуйн бирж үүсэн байгуулагдаж зарим бараа, түүхий эдийг арилжих болсноор түүхий эдийн зах зээлийн бодит үнэ тогтож үнэ ил тод болох, тогтворжих, түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааг өнөөгийн зохион байгуулалттай зах зээлийн арга хэрэгслээр хөтлөн явуулах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тоо хэмжээг зөв илэрхийлэх, энэ салбарын хүрээнд далд эдийн засаг дахь мөнгөний урсгалыг төлбөр, тооцооны системээр дамжуулах, биржийн давуу талыг олон нийтэд ойлгуулах зэрэг үр дүнд хүрснийг тэмдэглэв.
ө
Цаашид биржийн арилжааны зуучлах үйл ажиллагааг орон нутагт хүртээмжтэй болгох, цахим арилжааны системийг нэвтрүүлж мэргэжлийн оролцогчдын арилжаанд оролцох боломжийг өргөтгөх, биржийн байнгын бус гишүүний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, түүхий эдийн стандартыг хангуулах замаар биржийн барааны чанарыг ахиулах, бараа, түүхий эдийн гарал, үүслийг тодорхойлох, агуулах, лаборатор, тээврийн нөхцөлийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
ө
Хэлэлцүүлгийн явцад оролцогч талуудаас гарсан саналыг нэгтгэн дүгнэж Биржийн зохицуулах зөвлөлийн зөвлөмжид тусган холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар тогтсон байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ