Инээдмийн киноны жүжигчин Лесли Нильсен нас баржээ
"Нисэх онгоц" "Naked Gun" киноны од, Канад гаралтай инээдмийн киноны жүжигчин Лесли Нильсен 84 насандаа таалал төгсчээ. Тэрээр Флоридагийн Форт Лодэрдэйл дэхь эмнэлэгт уушигны хатгалгаагаа эмчлүүлж байхдаа өөд болсон байна.
Нильсен багагүй хугацаанд драмын жүжигчний карьер хөөж байсан ч 1980 онд "Нисэх онгоц" кинонд азгүй эмчийн дүрд тоглосон нь түүнийг инээдмийн киноны од болгосон юм. Тэрээр нийтдээ 100 кинонд дүр бүтээсэн, Холливүдэд данстай жүжигчин байжээ.
Жүжигчний ач Дуг Нильсен өвөөгөө "Эхнэр болон найз нөхөд нь яг дэргэд нь байх үед нас барсан " гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Бараг хоёр долоо хоногийн өмнө түүнийг эмнэлэгт хүргээд байжээ. 1926 онд Канадын Регина хотод төрсөн Лесли Нильсен жаран жилийн турш кино урлагт хувь нэмрээ оруулсан юм. 1950 онд Нью Йорк хотод телевизийн жүжигчнээр гараагаа эхэлж байсан тэрээр 150 гаруй жүжигт тоглосон байна. Харин 50-иад оны дундуур Холливудад очиж байсан бөгөөд эхэндээ гол дүр бүтээж байжээ.
Харин 1980 онд "Нисэх онгоц" кинонд амжилт үзүүлсэн нь "Цагдаагийн тасаг" хэмээх телевизийн цувралд тоглоход хүргэжээ. Мөн тэрээр Нэйкэд Ган цуврал кинонд түрүүч Франк Дребиний дүрийг бүтээсэн юм. Дөрвөн удаа гэрлэж байсан Нильсений хоёр дахь эхнэр хоёр хүүхэд төрүүлж байсан байна. Алдартай жүжигчин, олон гавъяа шагналын эзэн тэрээр чөлөөт цагаараа гольф тоглох дуртай нэгэн байжээ.
Э.Анхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ