С.Одонтуяа: Өрийн удирдлагын тухай хуулийг АН-ын бүлэг дэмжинэ
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ. Өчигдөр тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын талаарх мэдээлэл, Чингис бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн байна.
:
С.Одонтуяа хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар ОХУ-д айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон "Роснефть" компанийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүстэй уулзсан. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болсон гэдгийг Ерөнхий сайд АН-ын бүлэгт танилцуулсан. Тухайлбал, хамтарсан төмөр замын асуудал болон ОХУ, Хятад улсуудыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах, "Роснефть" компаниас импортын шатахууныг авах урт хугацааны гэрээ хийсэн гээд олон чухал ач холбогдолтой айлчлал болсон. Мөн тус бүлгийн хуралдаанаар "Чингис" бондын мөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийн санд 100 сая ам.доллар олгохыг дэмжсэн байна. Энэхүү төслөөр 579 жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр санхүүжилтийг "Чингис" бондоос гаргаж байгаа юм. Үүнийг АН-ын бүлэг дэмжсэн. Үүнээс гадна цементийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор "МАК", "Монполимент", Баян-Өлгийн аймагт шинээр хамтарсан компани байгуулагдаж байгаагийн монголын талын гаргах зардлыг тус тус "Чингис" бондын мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл болгон гаргана" гэлээ.
:
Түүнчлэн тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
:
-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах асуудлыг ОХУ-ын тал хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ Монголын талаас бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн гэсэн. ОХУ-ын талаас ч нааштай хариу хэлсэн гэдэг мэдээлэл өгсөн.
.
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Уул уурхайн яам хоёулаа ачаалал ихтэй салбар. Энэ хоёр салбарыг нэг сайд хариуцаад явж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээгүй. Гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэг дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
.
-Дараагийн сайд дотроосоо байх уу. Энэ тал дээр АН-ын бүлэг ямар суурьтай байгаа вэ?
-Энэ талаар мэдээлэл алга байна. Бүлгийн зүгээс энэ талаар ярилцсан зүйл алга. Харин миний хувийн бодол гэвэл нэгэнт "давхар дээл"-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ