М.Ананд: Ажлыг чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр
Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Ананд өчигдөр эх орондоо ирсэн юм. Шинэ аваргыг өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзан, сумогийн дэвжээнд ид хаваа үзүүлэн барилдаж, ёкозүна цол хүртсэнд баяр хүргэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилтаа улам бататган, ялалтаа үргэлжлүүлэхийг ерөөлөө. Мөн хүсэл тэмүүлэлтэй байж, зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөж амжилтад хүрсэн монгол хүүгээрээ бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд монгол залуучууддаа хандаж зөвлөгөө хэлэхийг хүссэн юм.
.
М.Ананд 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлсэн захидал бичсэнээр Японыг зорьж, Кёкүшюзан Батбаяр онгоцны буудалд тосч авснаас хойш 12 жилийн дараа тэрбээр их аварга цолд хүртэж байгаа аж. Тэрбээр “Залуу хүн, бусадтай зөв харьцаж, хүндлэх ёстой. Хүнийг хүндэлж байж, өөрөө хүндлүүлдэг. Өөрт оногдсон ажлыг бага гэлтгүй чин сэтгэлээсээ хариуцлагатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ хүнд амжилт ирдэг. Амжилт гаргана гэдэг гагцүү бэлтгэл хийх биш зөв төлөвшил чухал. Хүнтэй зөв харилцдаг, ажлыг бага гэж гололгүй чин сэтгэлээсээ хийж байх нь амжилтын түлхүүр" хэмээн өгүүлсэн юм.
.
Энэхүү уулзалтад Монголын Сумогийн холбооны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр, М.Анандын аав Ч.Мангалжалав нар байлцлаа. Одоогоор Япон улсад Монголоос 28 бөх сумогийн спортоор хичээллэж байгаа аж. Түүний 15 нь дээд зиндаанд барилддаг юм байна.
Энэ үеэр Японы сумогийн 71 дэх их аварга М.Анандтай цөөн хором ярилцлаа.
.
-Танд энэ өдрийн мэнд хүргье. 71 дэх их аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Юуны өмнө Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Аварга байх нь үнэхээр өөр юм байна. Тавдугаар сарын башёд барилдаад өөрийн биеэр мэдэрлээ. Их ч туршлага судаллаа.
.
-Дараагийн зорилго юу байна?
-Мэдээж ирэх башёд түрүүлэх, аварга цолоо батлахын төлөө хичнээнэ. Нутаг орондоо сайхан амарч авна. Тэгээд л бэлтгэлээ хийнэ дээ.
.
-Эх орондоо хэр удаан амрах вэ?
-Ер нь цөөхөн хоног амарна даа. Энэ 7 хоногийг дуусгаад явах байх.
_
. -Таныг барилдаж байхад Хакухо аварга гар өргөж танд даваа өгсөн?
-М.Даваажаргал аварга маань миний барилдааныг маш сайн харж байсан юм билээ. Бид тэр дор зүгээр суудаггүй. Шүүгч гэсэн ойлголтоор суудаг. М.Даваажаргал аваргын нүдэн дээр миний үснээс татаж байгаа хэсэг нь харагдсан юм байна лээ. Тэгээд л гараа өргөсөн гэсэн.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ