Монгол-Казахстаны хамтын ажиллагааны комисс хуралдав
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны комиссын VI хуралдаан энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Комиссын VI хуралдааныг Монгол Улсын талаас ХАХНХ-ын сайд, комиссын хэсгийн дарга С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, комиссын хэсгийн дарга хатагтай Тамара Касымовна Дуйсенова нар даргалав.
sa
Тус хуралдаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Сүхээ, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Кобландин Калыбек Ибрагимович болон Монгол, Казахстаны төрийн албаны бусад төлөөлөгчид оролцсон байна. Kомиссын VI хурлаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, байгаль орчин, соёл боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар төлөөлөгчид санал солилцсон юм.
s
Түүнчлэн хоёр улсын төлөөлөл агаарын харилцааны тухай 1992 оны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Харилцан ойлгоцлолын санамж бичиг болон Нислэг, техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд захирал Ч. Нямсайхан, казахстаны талаас Иргэний нисэхийн хорооны орлогч дарга Талгат Тлеубекович Ластаев нар гарын үсэг зурлаа. Комиссын хуралдааны эцэст хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын уялдаа, харилцааг эрчимжүүлэх, үүний дотор хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт түлхүү хамтран ажиллах зорилго бүхий Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны монгол, казахстаны засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны Протоколд сайд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ