Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар НӨАТ-ын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Гишүүдийн 75 хувийн саналаар уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав. Тэрбээр:
_
-Монгол улсын 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн дараах төсвийн бодлогоор тодорхойлогдож байна. Үүнд:
_
-Төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгоно. Тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаах юм. Төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгоно. УИХ, Засгийн газраас шинээр батлагдсан хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг төсвийн боломж, нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, шаардлагатай нөхцөлд төсвийн урсгал зардлын суурь хязгаарт багтаан үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах чиглэл баримтлахаар тусгалаа гэсэн юм.
.
Мөн 2015-2017 оны төсвийн төсөөллийн тухай төслийн танилцуулгыг хийлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоёр төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ