Монгол-Вьетнамын эрдэм шинжилгээний бага хурал болов

img

Монгол-Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан  “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулав.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн, Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг, БНСВУ-ийн Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Во Кхань Винь болон  бусад албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр юун түрүүн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндийг хүргээд Монгол- Вьетнам Улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан зэрэг олон салбарт эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглээд цаашид Монгол судлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана хэмээв.

Түүнчлэн тэрээр өнгөрөгч 2012 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны академи нь БНСВУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академитай хамтран ажиллах гэрээ байгуулсаныг дурдаад хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа эргэн сэргэж, эрчимтэй хөгжиж байгаа энэ үед шинжлэх ухааны байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

ы

Монгол Вьетнам хоёр улсын  эдийн засгийн хамтын ажиллагааг аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, барилга, далайн тээвэр, усан боомт, хөдөө аж ахуй  зэрэг олон салбарт хөгжүүлэх боломжтой талаар талууд санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ