Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. 2004 онд УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Тус хууль батлагдсантай холбогдуулан 2007 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим заавар, журмуудыг ХЗЯ, ЭМЯ, НХХЯ-аас батлан хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас хохирогчдыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг мэргэшсэн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн зэрэг бодлого болон үйл ажиллагааны хүрээнд нааштай алхмууд хийгджээ. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ. Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар орхигдуулсантай холбоотойг хууль хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, судлаачид анхааруулсаар байна. Хуулийн төсөл нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан болон одоо боловсруулагдаж байгаа Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүтэй харилцан уялдуулан боловсруулсан тухай хууль санаачлагч танилцуулсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ