999 сурагч тамхины эсрэг нэгдэв
Жил бүр 5 дугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр “Тамхигүй өдөр” уриан дор өнгөрүүлдэг юм. Тэгвэл Монголын сурагчдын холбооноос санаачлан “Лидер клуб”-ын сурагч хүүхдүүд болон Нийслэлийн 5,13,56 дугаар сургуулийн дунд, ахлах ангийнхан оролцсон “Тамхины тухай” хуулийг дэмжсэн 999 сурагчийн парад өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дэмжин оролцов.
ы
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно хэмээн тусгасан Тамхины тухай хуулийн заалтыг өөрчилж 250 метр болгох санал гаргасныг сурагчид эсэргүүцэж байна. “Тамхичин биш тамирчин болъё”, “Тамхины утаанаас биднийг авраач” хэмээн сурагчид уриалж Төрийн ордныг хэдэнтээ тойрсон юм.
ый
“Сурагчид бид тамхинаас татгалзаж байна” уриатай үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож үг хэллээ. Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд 13-14 наснаас тамхинд орж байна. Жил ирэх тутамд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн тамхи татах явдал нэмэгдэж, хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгөн, сургуультай хамгийн ойр цэгээс тамхи ширхэглэн худалдаж авдаг. Иймд 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй байх заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн тэрээр хэллээ.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ