А.Галтбаяр сайдынхаа өгсөн үүргийг биелүүлсэнгүй

img

МУИС-ийн оюутнууд сургуульдаа үүссэн хууль зөрчсөн эмх замбараагүй байдал, бүтцийн өөрчлөлт, жил бүр хураадаг зарцуулалт нь тодорхойгүй суурь хураамж зэргийнхээ учрыг тайлбарлахыг удирдлагуудаасаа шаардаж жагссан тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус сургуулийн төгсөх ангийн оюутнууд Захирлынхаа өрөөний үүдэнд суулт хийж байна. Тэд МУИС-ийн удирдлага, БШУ-ны сайдтай гурван талт уулзалт хийсэн боловч асуудлыг шийдвэрлэж чадаагүй ба тус сургуулийн удирдлагууд салбарын сайдын өгсөн үүргийг биелүүлээгүй гэнэ.

.

Т.Загарпэрэнлэй: Барьцаа үлдээгээд нэг жилийн хугацаанд төлбөрөө төл гэж байна

.

Энэ тухай зарим зүйлийг МУИС-ийн ГХСС-ийн IV ангийн оюутан Т.Загарпэрэнлэйгээс тодрууллаа.

.

-Яагаад илүү төлбөр мөнгө төлөх шаардлагатай болоод байгааг тайлбарлаач. Ийм асуудалтай нийт хэдэн оюутан байна вэ?

-Биднийг 2010 онд МУИС-ийн I ангид элсэхэд 1.040.000 төгрөгийн төлбөр авсан. Энэ нь нэг кредитийг 35.700 төгрөгөөр бодсон гэсэн үг. Мөн II ангид орохдоо нэг сая 200 мянга гаруй төгрөгийн төлбөр төлсөн. Нэг кредитийн үнийг 37.500 төгрөгөөр бодож авсан юм. Энэ үед МУИС-д SISI систем бүрэн гүйцэд хэрэглэгдэж эхлээгүй, хичээлийн хөтөлбөрийг цаанаас нь зохион өгч судлуулдаг байсан.  Гэтэл одоо чиний I ангид төлсөн төлбөр чинь 30 кредитийн л үнэ байна. Чи түүнээс илүү кредитийн хичээл үзчихэж, тиймээс илүү судалсан кредитийн мөнгөө төл гэж шаардаад байгаа юм. МУИС-ийг энэ жил 4-5 мянган оюутан төгсөнө.  Дээрх асуудал бүх оюутанд тулгарсан. Гэхдээ зарим салбар сургуулиуд нь оюутнуудаасаа тухайн жилдээ нөхөж аваад явчихсан юм байна лээ. Одоо бол 1181 оюутан илүү мөнгө төлөхөөр болчихоод байна.

.

-Та нар БШУ-ны сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүлээд уулзсан шүү дээ. Ямар шийдвэр гарсан бэ?

-Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт МУИС-ийн удирдлагуудыг гадаадаас ирэхэд нь гурван тал уулзалт хийсэн. Уулзалтын үеэр энэ асуудлыг хэлэлцэхэд Л.Гантөмөр сайд “Галтбаяр аа, чи оюутнуудаас ингэж мөнгө авах нь маш бүдүүлэг хэрэг байна. Үүнийгээ аль болох оюутанд ачаалал багатайгаар шийдэж өг”. Мөн бүтцийн өөрчлөлтийнхөө талаар оюутнууд, багш нартаа тайлбарла гэдэг үүрэг өгсөн. Гэтэл сургуулийн захиргаанаас бүтэн долоо хоногийн хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Харин ч IV ангийн оюутнуудыг төгсөх шалгалтандаа орохоор “төлбөрөө төл” гээд хөөгөөд гаргаж байна.

.

-Асуудлыг шийдвэрлэх талаар танай сургуулийн удидлагуудаас ямар хариу өгч байна?

-МУИС-ийн Захиргааны зүгээс нэг удаа хурал зарлаж, төлбөрийн зөрүү, бүтцийн өөчрлөлтийн талаар ярьсан ч бүх оюутанд хүрч чадаагүй. Төлбөрийн талаар “бид та нарт бүтэн жилийн хугацаатай зээл өгье. Энэ хугацаанд та нар төлбөрөө төлөөд дуусгачих” гэсэн. Тэдний хэлснээр бол дипломоо авахгүй байх гэх мэтээр барьцаанд ямар нэгэн зүйл үлдээгээд илүү нэхээд байгаа мөнгийг нь төлж дуусгаад түүнийгээ ав гэсэн санаа. Хамгийн бага нь 70 гаруй мянган төгрөг төлөх бол 700 гаруй мянган төгрөг төлөхөөр болчихсон оюутан ч бий.

.

-Хэрэв оюутнууд энэ мөнгийг төлсөн тохиолдолд ямар данс руу орох юм бол?

-Илүү мөнгө төлөхөөр болсон бүх оюутнууд төлвөл 190 орчим сая төгрөг болж байгаа. МУИС-ийн Захиргаанаас энэ мөнгийг оюутнуудаас авахгүй бол багш нарынхаа зуны амралтын цалинг тавьж чадахгүй гэж ярьж байгаа. Өнгөрсөн жил намайг МУИС-ийн ТУЗ-д оюутны төлөөллөөр байдаг байхад сургалтын төлбөрөө 1.800.000 төгрөг хүртэл нэмсэн. Ийм өндөр төлбөр оюутнуудаас авсан болохоор сургуулийн санхүүд доголдол үүсэх нөхцөл байхгүй.

.

-Өнөөдрийн суултаар ямар үр дүнд хүрэхийг зорьж байна?

-Өнөөдрийн суулт бол бид сүүлийн тэмцэл. Асуудлаа шийдтэл энд суугаад, оюутнуудаар илүү мөнгө төлүүлэхгүй гэсэн баталгаа аваад гарахаар төлөвлөж байна. МУИС-ийн захирал “2010 онд оюутнуудын сургалтын төлбөрийг кредитээр нь тооцож авна гэсэн С.Төмөр-Очир захирлын тушаал гарсан. Тухайн үед зарим салбар сургууль энэ тушаалын дагуу төлбөрөө аваагүйгээс ийм асуудал үүссэн” гэж ярьж байгаа. Гэхдээ тийм зүйл бичсэн тушаалаа бидэнд харуулахгүйгээр зүгээр яриад байгаа юм. Хэрэв яриад байгаа зүйл нь үнэн бол тухайн үеийн удирлагуудын буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн асуудлыг оюутнууд тохно гэдэг буруу зүйл.

.

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galtbayar ogtsor:
galtbayaraa chi zailaachee, zugeer l muisaas arilj uz.bas uih gishuun bayrtsogtiin avgai narantuya monherdene, monhbataa avaad yavaaraai. muis-iig nuraaj bainaa, novsh yumaa
2014-06-02
г.батнасан:
100,000 доторхи төлбөрийг эцэг эх нь яаж ийгээд төлчихнө. энэ нь өндөр төлбөртөй оюутануудын ар гэрт улам л дарамт болно. эцсийн бүлэгт өндөр төлбөртөй үлдсэн оюутнуудийн ар гэр хүндхэн амьдралтай л байгаа нь ойлгомжтой. галтбаяр гуай та 1000 гаруй оюутны цаана байгаа дор хаяж 4000 гаруй хүний хоногийн хоолноос халбагдаж байгаагаа, салбарын сайдынхаа өмнө том хүн болж харагдах гэж балайрч байгаагаа ойлгооч.
2014-06-02