Ховд аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийв

img

Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт "Цахим ярилцлага”-д өнөөдөр Ховд аймгаас сонгогдсон гишүүд оролцлоо. УИХ-ын Тамгын газраас Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулдаг уг хуралд Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ховд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

й

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг бариулах тухай болон Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр түшиглээд Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Аймгийн нэгдсэн эмнэлэг 50-60 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай.  Гэтэл аймгийн хүн ам өсөөд 80-90 мянгаболсон  дээр нь баруун таван аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Ялангуяа ханиад томууны улиралд ачааллаа дийлэхгүйд хүрч байгааг танилцуулав. Тиймээс Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн тэрээр аймгийн төвд 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 0-6 насны хүүхдийн 65 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид долоон цэцэрлэг шинээр барьснаар хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой. Улсын төсөв хүндэрсэн энэ үед Концессын гэрээгээр барих нь зохимжтой шийдэл болно гэлээ.

й

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил олон бий. Цаашид хийх ажил ч их байгаа гэдгийг онцлоод Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна хэмээн тайлбарлав.

й

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт “Бельгийн Вант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжвэл ирэх 07 дугаар сард багтаан батлах байх гэж найдаж байна. Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг барих хувийн компаниудаа та бүхэн олох шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагууд хөөцөлдөх шаардлагатай” гэв.

й

Тэрээр энэ үеэр аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тендер болон Үенч сумын Соёлын төвийн барилгын талаар тодруулсан. Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан хариулахдаа, Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 80 гаруй ажил хийхээр тендер зарлагдсан. Тендерийн ажил 70 гаруй хувьтай байна. Үенч сумын соёлын төвийн тендерийг удахгүй зарлана. Мөст сумын цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхэлнэ. Энэ зундаа багтаад ашиглалтад оруулна хэмээгээд Сангийн яамнаас санхүүжилт ирүүлэхгүй байгаа тухай тайлбарласан.

й

Цахим ярилцлагын төгсгөлд Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ хэмээн гишүүд мэдээлэл өгсөн юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ