ЮНЕСКО-гийн хорооны гишүүн боллоо
Франц улсын нийслэл Парис хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийн талуудын Ерөнхий Ассамблейн тавдугаар чуулган энэ сарын 2-5-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулганаар ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 2014-2018 оны гишүүнээр Монгол Улс анх удаа сонгогдлоо.
:
Хорооны нийт 12 гишүүнийг нууц санал хуралтаар сонгосон бөгөөд бусад гишүүнээр Алжир, Афганистан, Болгар, Конго, Котд Ивуар, Сант Лючия, БНСУ, Турк, Унгар, Энэтхэг, Этиоп улс тус тус сонгогдсон байна.
.
Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийг 2005 онд соёрхон баталсан. Өнгөрсөн хугацаанд морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, монгол үндэстний баяр наадам, монгол үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл зэргийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн.
.
Мөн монгол тууль, ардын бүжгийн урлаг буюу бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, Монгол уран бичлэг зэргийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлээд байгаа билээ.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ