Б.Бат-Эрдэнэ "ашиг сонирхлын зөрчилтэй" хэмээн хуралдаанаас гарлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр боллоо. Уг хуулийн төслөөс үндэсний бөхийн "Далай аварга" цолыг хасах саналыг гишүүн Р.Гончигдорж гаргасан юм. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан гишүүн Б.Бат-Эрдэнэ "ашиг сонирхлын зөрчилтэй" хэмээн үзэж, хуралдаанаас гарч явсан юм. Харин гишүүд энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хуралдаанаас гарч явах шаардлагагүй гэж үзэж байлаа. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд "УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хуралдаанаас гарлаа" хэмээн мэдэгдсэн. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ