Ширэн бөмбөгийн шилээвэр гайхамшигууд

img

Олимпоос илүү гарна уу гэхээс яавч дутахгүй манай гаригийн спортын их наадам бол дөрвөн жил тутамд нэг удаа болдог хөлбөмбөгийн ДАШТ. Энэ тэмцээний албан ёсны нэр уг нь ФИФА-гийн Дэлхийн цом. Анх 1930 онд Уругвайд зохиогдсоноос хойш Бразилд 20 дахь Дэлхийн цом болох гэж байна. Улаанбаатарын цагаар энэ сарын 13-ны 04.00-д талбайн эзэн Бразил болон Хорватын багууд Сан-Паулу хотын “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнд гарч ирснээр эхлэх ДАШТ бүтэн сар үргэлжлэн долдугаар сарын 14-ний 03.00 цагт Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх шувтаргын тоглолтоор өндөрлөнө.

.

Урьчилсан шатны тоглолтуудаас тив тивээс шигшигдэн үлдсэн шилдэг 32 баг эхний шатанд найман хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг тус бүрт эхний хоёр байр эзэлсэн баг дараагийн хасагдах шатанд шалгаран үлдэх билээ. Бразилийн 12 хотод болох хөлбөмбөгийн энэ их баяр наадмаар талбайн эзэн, цорын ганц таван удаагийн дэлхийн аварга буюу пентакампионе гэгддэг Бразилийн багийг дэлхийн цомыг өргөнө гэж үзэгсэд цөөнгүй. Гэхдээ бразилчүүд 64 жилийн тэртээ ДАШТ-ийг анх хүлээн авахдаа финалын тоглолтод Уругвайд 1:2-оор хожигдон улс орноо тэр чигт нь шоконд оруулж байсан удаатай. Ийм түүх давтагдахгүй гэхийн аргагүй.

.

Бөмбөг бөөрөнхий учир ДАШТ-д сойгдсон “битүү” багуудын аль нь ч луугаруудад “зөөлөн боорцог” бололгүй яс үзэх нь тодорхой. Энэ ДАШТ-ийн онцлог гэвэл урьд нь дэлхийн аварга болж байсан найман баг бүгдээрээ оролцож байгаа явдал. Бразил тав, Итали дөрөв, Герман гурав, Уругвай, Аргентин тус бүр хоёр, Англи, Франц, Испани тус бүр нэг удаа Дэлхийн цом өргөж байсан түүхтэй.

.

Бразилаас өмнө ДАШТ-ийг 16 орон зохион байгуулж байснаас Мексик, Итали, Франц, Герман болон одоо хүлээн авч буй Бразил тус бүр 2 удаа зохиожээ. Ер нь нэг ч ДАШТ өнжөөгүй цорын ганц баг бол өнөөх л Бразил.

.

Домогт Пеле гурван удаа /1958, 1962, 1970/ дэлхий аварга болсон цорын ганц хөлбөмбөгчин билээ.

.

Харин ДАШТ-д хамгийн олон буюу 25 тоглолтод талбай дээр гарсан хөлбөмбөгчин бол ХБНГУ-ын Лотар Маттеус юм.

.

Бразилийн “туулай” хочит Роналдо ДАШТ-д хамгийн олон буюу 15 гоол /1998 болон 2002 оны ДАШТ-д/ оруулжээ.

.

Харин нэг ДАШТ-д Францын Жюст Фонтэн 13 гоолдсон /1958/ бөгөөд энэ амжилт эвдэгдэлгүй өнөөг хүрсэн байна.

.

ДАШТ-д оролцоод төдийгүй гоол хийсэн хамгийн ахмад хөлбөмбөгчин бол Камеруны Роже Милла /42 настайдаа/.

.

ДАШТ-ий хамгийн олон алтан медалийн цуглуулгатай хүн бол Бразилийн Марио Загалло. Тэрээр тоглогчийн хувьд хоёр удаа /1958, 1962/, ахлах дасгалжуулагчийн хувьд нэг удаа /1970/, туслах дасгалжуулагчийн хувьд мөн нэг удаа /1994/, нийтдээ дөрвөн удаа алтан медаль хүртжээ.

.

Ази тивээс анх 1966 онд БНАСАУ шөвгийн наймд шалгаран дуулиан тарьсан нь 2002 он хүртэл “шар” тивийнхний үзүүлсэн дээд амжилт байлаа. Тэр үед БНАСАУ Португалийг 3:0-ээр хожиж яваад шууд хамгаалалтад шилжихэд “хар ирвэс” Эйсебиогийн гайхамшигт тоглолтын ачаар португалчууд шившигт ялагдлаас аврагдан 4.3-аар ялж чадсан түүхтэй.

_

Харин 2002 онд БНСУ сенсаац дэгдээн хагас шигшээ хүрч дөрөвдүгээр байрт шалгарч байсныг хөлбөмбөгийн ертөнцийн гайхамшиг байлаа.

_

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үг зүйч:
шилээвэр гэж үгийг энд хэрэглэсэн нь их содон байна. уг шилээвэр буюу шилээгүүр гэдэг нь монгол хэлэнд гал сэргээх, засах төмөр хэрэгслийг хэлдэг юм байна.
2014-06-08
аа00:
португалд ардчилсан солонгосууд 5-3 р хожигдсон юм байна.
2014-06-07