"18 тэрбум"-д аудитын дүгнэлт гаргуулахыг шаардлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвийн 50 тэрбум төгрөгийн багцын хөрөнгө оруулалт, зарцуулалтын талаарх мэдээллийг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
өа
Ерөнхий сайд өөртөө ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг хуваарилж болохгүйг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа сануулж, Төсвийн болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөхийг шаардсаар ирсэн боловч олонхи хүч түрэн баталсан. Мөн 50 тэрбумын зарцуулалтыг олон нийтэд тайлагнахыг МАН-ын бүлгээс шаардсаар ирснийг уг дүгнэлтэд онцолжээ. Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүний гүйцэтгэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх болон 2014 оны төсөвт тусгагдаагүй үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар Үндэсний аудитын байгууллагаар тусгайлан дүгнэлт гаргуулж, тендерийн хууль тогтоомж зөрчсөн байх үндэслэлтэй асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг УИХ дахь МАН-ын бүлэг шаарджээ.
өа
Дүгнэлтэд "Замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар төлдөг системийг нэвтрүүлэхийг юуны өмнө зөв зүйтэй гэж үзэж, ач холбогдлыг нь үнэлж байгааг дурджээ. Харин уг ажлын төсөвт өртөг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр болсон гэсэн олон нийт шүүмжилж байгааг судалж үзэхэд үндэслэлтэй байна. 350 ширхэг гар комьпютер, хэвлэгч худалдан авахад 1.8 тэрбум төгрөг зарсан байх бөгөөд нэг иж бүрдлийг таван сая төгрөгөөр авчээ. Гэтэл "Bixolon" брэндийн энэхүү тоног төхөөрөмж зах зээл дэх үнэлгээ нь 300-800 мянган төгрөг байдгийг тус компанийн вэб сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэлд Засгийн газар тодорхой хариултыг өнөө хэр өгөөгүй байна.
өа
50 тэрбумын багцаас 120 ТҮЦ машиныг Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд байрлуулахаар тусгагдсан хэдий ч тендерийн маргаан гарч энэ асуудал шийдэгдээгүй байгаа гэсэн тайлбарыг Засгийн газар ирүүлсэн байна. Гэтэл энэхүү 50 тэрбумын багцыг оруулан Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч нь байдаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар 2012-2014 онд “цахим засаглалын мэдээллийн сан, мэдээллийн системийг хөгжүүлэх”, “иргэдийн өргөдөл гомдлын ухаалаг тайлангийн систем” гэх төсвийн гурван өөр эх үүсвэрээр нийт 117 ТҮЦ машин суурилуулсан гэх мэдээлэл байна.
өа
Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг ухаалаг систем нь гагцхүү ТҮЦ машинаар хязгаарлагдах уу, энэ нь яван явсаар сүүлдээ хэсэгхэн хүний бизнес хийдэг хэрэгсэл болж хувирч байгаа юм биш үү гэсэн эргэлзээ, тээнэгэлзэл ч байна. Учир нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын даргын байнгын хороонд зургадугаар сарын дөрвөнд хийсэн мэдээлэл ёсоор бол нэг бүр нь 11 сая төгрөгийн үнэтэй нийт 117 ТҮЦ машины нийт өртөг 1.2 тэрбум байх ёстой атал одоо нэгэнт 179 ширхэгийг суурилуулжээ.
өа
Битүү зах, худалдааны төв нь алслагдсан баруун аймгийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан, үр дүнтэй ажил болж чаджээ гэж үзэж байна. Гэхдээ энэхүү ажлын зарцуулалтыг шалгасан АТГ уг ажлыг хуулийн дагуу нээлттэй тендер зарлалгүй, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх гэгч нь тендэрийн үнэлгээний хороонд орж найзынхаа компанид Ашиг сонирхлын хууль зөрчиж олгожээ гэсэн дүгнэлт гаргасан.
өа
Үүнийг нь хянаж хуулийн дагуу тендэрийг явуулах ёстой Худалдан авах ажиллагааны агентлагийн газрын дарга Д.Энхжаргал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар ийнхүү тендерийн хууль зөрчигдсөн гэрээг албажуулан баталж, санхүүжүүлсэн асуудалд Ерөнхий сайд ямар дүгнэлт өгч байна вэ? Мэдсэн ч эс мэдэгчийн дүр гарган аанай л хаацайлаад өнгөрөх үү гэж МАН-ын бүлэг асууж, нэхэж шаардаж байна" гэжээ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ