Хөлбөмбөгийн дэлхийн цомын түүх
Анхны ДАШТ-д 13 баг өрсөлдсөн бол 1934-1978 онд 16 баг, 1982-1994 онд 24, 1998-аас өнөөг хүртэл 32 баг оролцдог болсныг мөн дурдах хэрэгтэй. Дэлхийн аваргад олгох цом бүтээх хүндтэй үүргийг Парисын алдарт уран дархан Абель Лефлер авчээ. Тэрээр эртний Грекийн ялалтын Нике дагиныг дүрсэлсэн 30 см өндөр, 1.8 кг жинтэй алтан цом урласан юм. Эхэндээ “Алтан дагина” гэгддэг байсан энэ цом сүүлдээ анхны ДАШТ-ийг санаачлан зохион байгуулсан ФИФА-гийн ерөнхийлөгч Жюль Римегийн нэрэмжит болсон билээ.
1
1966 оны гуравдугаар сарын 19-ний 11 цагт Лондонд Жюль Римегийн алтан цомыг хулгайлсан нь дэлхий даяар сенсаац дэгдээсэн юм. Цомыг Вестминстерийн ордны нэгэн танхимд олон түмэнд сонирхуулахаар дэлгэн тавиад байсан аж. Үүнээс долоо хоногийн дараа “Пиклз” гэдэг жирийн нэг нохой нэгэн бутны дороос олж дэлхийн хэвлэл мэдээллийнхний жинхэнэ “од” болжээ.
1
ФИФА-гийн дүрэмд ДАШТ-д гурав түрүүлсэн баг цомыг үүрд хадгална гэж заасны дагуу Бразил гурав дахь удаагаа 1970 онд аваргалаад алтан цомыг өөрийн болгосон юм. Бразилийн хөлбөмбөгийн холбооны оффист хадгалагдаж байсан цомыг 1983 онд хулгайлсан бөгөөд эрэл удаан үргэлжилсэн ч ямар нэг үр дүнд хүрээгүй билээ.
Ийм учир Дэлхий цомыг хэд ч түрүүлсэн аль нэг багийн өмчлөлд шилжүүлэхийг больжээ. 1974 оноос хойш тэмцээн түрүүлсэн багт ФИФА-гийн Дэлхийн цомыг гардуулж эхэлсэн байна. Энэ цомыг Италийн нэрт уран барималч Сильвио Гаццаньягийн хийсэн загварын дагуу бүтээжээ. Дэлхийн бөмбөрцгийг түшин зогсох хоёр хүний дүрс бүхий энэ цом 36.5 см өндөр, 6.175 кг жинтэй. Энэ цомыг бүтээхэд 18 каратын таван кг алт орсон аж.
1
Цомын сууринд 1974 оноос хойшхи дэлхийн аварга улсын нэрийг бичдэг бөгөөд 2038 он хүртэлх дэлхийн аваргын нэрийг сийлэх зай байгаа гэнэ. Иймд 2038 он хүртэл энэ цомыг дэлхийн аваргууд ээлжлэн өргөсөөр байх нь.
1
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ