30 гаруйхан км замыг хоёр жилд барихгүй шүү

img

Манай улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн Зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Р.Буд, Ж.Батсуурь, Ц.Цэнгэл нарын гишүүд өмнөх жилийн төсөл хэрэгжихдээ удаан явагдсан, ер нь замын ажил их удаан явагддаг байдал дээр анхаармаар байна гэж саналаа хэлж байлаа. Р.Буд гишүүн “мөн л нөгөө гадныхан ирээд хэдэн төгрөгийг нь аваад алга болох уу” гэхчлэн хатуу асууж байсан.

Мөн замын компаниуд тендерт шалгарахын тулд хямдхан зардал бичиж ороод дараа нь мөнгө хүрэлцэхээ болилоо гээд хойш суудаг талаар Ж.Батсуурь гишүүн хэлж байсан. Харин холбогдох ажилтнууд гишүүдийн асуултад “зөв зүйтэй шүүмжлэл байна” гэхчлэн ихэд хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байв.

Сангийн сайд С.Баярцогт “манай зүгээс гэрээ хэлэлцээрийг хурдан шуурхай хийж байгаа, Зам тээврийн холбогдох нөхдүүд л хугацаанд нь анхаарч ажиллах хэрэгтэй байх” гэж байна. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох үеэр Д.Одбаяр гишүүн хотын зам барилгын гүүрэн гарц зэргийн байдал ямархуу байгааг тодруулахад АБГБ-ын байнгын хорооны дарга З.Энхболд “энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо харьяална” гэлээ. Харин УИХ-ын дэд дарга Н.Энхболд “30 гаруйхан км замыг хоёр жилд барихгүй шүү” гэдгийг хатуу анхааруулж байсан.

Р.Гончигдорж гишүүн “Зөвхөн мөнгөн зээлийн асуудал оруулж ирчихээд байх юм. Тэгээд дэд бүтцийн асуудал бас цухалзаад байдаг” хэмээн шүүмж хэлж байлаа. Гэсэн ч оруулж ирсэн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 77,3 хувь нь үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ