Германы шигшээ гол тоглогчоо алдлаа

img

Герман-Армений нөхөрсөг тоглолтын үеэр Марко Ройс бөмбөгний төлөөх тэмцлийн үед шагайгаа эвгүй гишгэснээр гэмтэл авч, Дэлхийн аваргыг өнжих нь тодорхой боллоо. Түүнийг эмч нар 6-7 долоо хоногт гам барих шаардлагатай гэж үзснээр Германы шигшээ Бразил руу Ройсгүй явахаар болов. Ройсын оронд Италийн “Сампдори”-гийн хамгаалагч Шкодран Мустафиг дасгалжуулагч Йоахим Лев шигшээд дуудаад байна.

6

“Ройс бидний Бразил дахь төлөвлөгөөний гол дүр маань байлаа. Гэвч тун харамсалтай явдал боллоо. Ройсын оронд түүний байрлалын тоглогчийг дуудалгүй хамгаалагч авсанд гайхах зүйлгүй. Учир нь манай багт хагас хамгаалалтад тоглох хөлбөмбөгч хангалттай байгаа. Тиймээс хамгаалалтад тоглогч нэмэх нь зөв гэж үзсэн” хэмээн Лев мэдэгджээ.

6

Харин Марко Ройс “Миний мөрөөдөл ердөө ганцхан секундэд л нурчихлаа. Ямар их харамсч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Гэлээ ч манай багийн залуус надгүйгээр зорьсондоо хүрээд ирэх биз ээ” гэж хэлсэн байна.

Ийнхүү Дэлхийн аваргын өмнө олон од гэмтэж, Бразилын талбайд гарч чадахаа больсны нэг нь Марко Ройс болоод байна.

6

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ