Испани титэмгүй улс болох учиртай
Испаний нийслэл Мадрид хотноо 100 мянга гаруй иргэн эзэн хаан 76 настай Хуан Карлос болон ханхүү Фелипедийг эсэргүүцэж жагссан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Иргэд Испанийг Бүгд найрамдах улс болох хэрэгтэй гэсэн байна. Тэд гартаа “Хуан Карлос тэтгэвэртээ гар, Фелипед ханхүүгээсээ татгалз. Хаан ширээгээсээ татгалз. Испани титэмгүй улс болох учиртай” гэсэн лоозон барьцгаажээ.
Энэ оны эхээр хаан Хуан Карлосын бага охин гүнж Инфанта Кристина татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэх мэт санхүүгийн гэмт хэргээр шүүхэд дуудагдсаны дараа хааны гэр бүлийн нэр хүнд унаж, тэднийг байнга шүүмжлэх болсон билээ. Хуан Карлос хаан ширээгээ хүүдээ шилжүүлэхээ мэдэгдсэний дараа хэд хэдэн хотод Испанийг эртний уламжлалт ёсоо халж, ардчилсан, тусгаар улс болох хэрэгтэй хэмээн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ