Газрын тухай хуулийг эргүүлэн татахыг дахин санууллаа
УИХ дахь бие даагчдын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Бие даагчдын зүгээс энэ долоо хоногт хэлэлцэх Ашигт малтмалын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Газрын тухай хууль дээр өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
5
Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хууль дээр тодорхой байр суурь баримтлахаар болсон байна. Монголчууд уул уурхайгаа ашиглаж байгаа ч эдийн засаг хүндэрсэн, валютын хэлбэлзэл зэрэг нь ашиггүй гэрээ байгуулсантай холбоотой гэж бие даагчид үзэж байна. Тиймээс Ашигт малтмалын хууль дээр гэрээний асуудлыг Монголын талд ашигтай байдлаар байгуулах, стратегийн ордод төр тодорхой хувь эзэмших ёстой, баялагийн орлогыг Монголоор дамжуулах ёстой, страгегийн орд байх эсэх асуудлаар байр сууриа нэгтгээд байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэгт багтаж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордыг байхгүй болгох талаар ярилцаж байгааг шүүмжиллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Монгол Улсын ДНБ-ний таваас дээш хувийн үнэ цэнэ агуулсан ордыг стратегийн орд газар гэж нэрлэдэг. Монгол Улсад 15 стратегийн орд газар бий. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэг дээр энэ стратегийн орд газрын байхгүй болгоно гэж ярьж байгаад харамсч байна. Бүх улс орон өөрийн гэсэн стратегийн ордтой байдаг бөгөөд төр нь 50 хүртэл хувь эзэмшдэг. Хэрэв Монгол Улс стратегийн орд газаргүй бол улс орны аюулгүй байдал нөлөөлөхүйц зүйл болно" гэлээ.
6
Бие даагчдын зөвлөлөөс Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод боловсрол хүний авъяасыг нээж өгдөг байх ёстой гэсэн бодлого баримтлах аж. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө онцлогт тааруулан авъяасаа нээх, хөгжүүлэх бодлогыг Монгол Улс баримтлах ёстой гэлээ. Үүнээс гадна энэ долоо хоногт Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан энэ хуулийг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэж байна. Энэ хууль нь бөхчүүд хүчээр үзээд буюу хүч дутаад ирэхээрээ хуульд өөрчлөлт оруулж, цол нэмэх гэсэн байдал руу явж байгаа учраас энэ хууль нь ичмээр хууль гэж үзэж байгаа гэв.
6
Хоёр долоо хоногийн өмнө бие даагчдын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох, арга хэмжээ авах талаар УИХ-ын дарга саналаа хүргүүлсэн бөгөөд үүнд нь УИХ-ын дарга хариу өгчээ. УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аас томилдог байгууллагын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг хөндөх эрхтэй боловч Монголбанкны ерөнхийлөгчийг томилох, халах асуудал өөр зохицуулалттай байдаг гэсэн хариу өгсөн байна. Энэ бичгээ өнөөдөр өгсөн бөгөөд энэ асуудлаар удахгүй байр сууриа нэгтгэн хүргэнэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар онцоллоо.
6
Мөн Газрын тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирснийг бие даагч гишүүд эсэргүүцэж байгаа бөгөөд газрын эзэн нь ард түмэн бус эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн нэрийдлээр хувьчлах гэж байна гэж шүүмжилж байгаа юм байна. Эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн нэрийн дор хувьчлах асуудлыг Газрын тухай хуулиар хөндөж байгаа учраас энэ хуулийг эргүүлэн татахыг дахин санууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ