Ж.Батзандан: II эмнэлгийг ард түмний эмнэлэг болгоно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын засвар, өргөтгөл шинэтгэлийн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг, эмнэлгийн хүрэлцээ тааруу байдаг. УИХ-ын гишүүний хувьд дүүргийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд засаг төрөөс ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгье. Энэ жилийн хувьд УИХ, Засгийн газраас Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа III төрөх эмнэлгийн барилгыг барьж дуусахад шаардлагатай 5.5 тэрбум төгрөгийг баталж өгсөн байгаа. Энэ эмнэлгийн ажил энэ оны 9,10 дугаар сард дуусч, ашиглалтад орно гэдгийг гүйцэтгэгч байгууллагаас мэдэгдсэн. Шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь Аудитын газрын дүгнэлтийг харж байж шийдээд явна. Мөн Баянзүрх дүүрэгт байдаг өөр нэг том эмнэлэг бол Клиникийн II эмнэлэг. Энэ эмнэлгийн өргөтгөл болгон 55 сая ам.долларын оношлогооны төв байгуулахаар БНСУ-ын талтай хамтарч томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Энэ өргөтгөл дууссан тохиолдолд II эмнэлгийг дарга нарын эмнэлэг биш ард түмний эмнэлэг болгож, өөрчлөн зохион байгуулахаар холбогдох яамд, Засгийн газартай миний бие ярилцаад ойлголцлын түвшинд хүрээд байна. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах тус эмнэлэгт, төрийн өндөр дээд албан тушаалтнууд, хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд гэсэн цөөн тооны 18 мянган орчим хүнд үйлчилж байгаа юм. Энэ эмнэлгийг өргөтгөснөөр нийт 300 мянган хүнд үйлчлэх боломж, бололцоо нээгдэх юм. Тиймээс II эмнэлгийг ард түмний эмнэлэг болгох шийдвэрийг тун удахгүй гаргах болно. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Японы буцалтгүй тусламжаар дүүргийн иргэдэд зориулсан орчин үеийн оношлогоо, эмчилгээний төв байгуулна. Нийслэлээс газрыг нь шийдсэн тул энэ жилээс барилгын ажилдаа орсон, 2016 он гэхэд ашиглалтад орно” гэлээ.
1
Мөн “Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга 1950 онд ашиглалтад орсон. Хуучирч муудсан уг эмнэлгийг ашиглах боломжгүй тул концессийн гэрээгээр Налайх дүүрэгт шинэ эмнэлэг барихаар болсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ тун муу. Улсын төсөв, нийслэлийн төсвөөс 2012-2014 онуудад 10 гаруй цэцэрлэг барихаар төлөвлөж, эхнээсээ орж байгаа. Цэцэрлэг сургуулийн комплекс барихаар ажил нь эхэлж байгаа. Гэхдээ хүн амын өсөлттэй, сургууль цэцэрлэг барих ажил нь удаан байна. Тиймээс гэрээр хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх, энэ тухай хуулийг батлуулах асуудалд анхаарлаа хандуулан, ажлын хэсэгт орж ажиллаж байгааг хэлсэн юм. Мөн энэ чиглэлээр ажиллах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хандаж болно” хэмээн тэрбээр онцолсон.
1
Баянзүрх дүүрэгт 1.5 тэрбум, Налайх дүүрэгт 600 сая төгрөгийг Бичил бизнес эрхлэхэд зориулсан тусгасан бөгөөд энэ мөнгөнөөс Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг санхүүжүүлэх боломжтой гэдгийг гишүүн хэлж байлаа.
Нийслэлийн хэмжээнд эмзэг бүлгийн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Баянзүрх дүүрэг дэх “Энэрэл” эмнэлэг нь ачааллаа даахаа больсон байна. Тиймээс тус эмнэлгийн барилгыг өргөтгөж, засах ажлыг хийхээр болжээ. Өнгөрсөн жил Баянзүрх дүүрэгт улсын төсвөөс 34 тэрбум, нийслэлийн төсвөөс 24.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
1
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Клиникийн II эмнэлгийг ард түмний эмнэлэг болгохын тулд 2008 оны 179 дүгээр тушаал, 2009 оны 438 дугаар тоот тушаалд тус тус өөрчлөлт оруулах шаардлагатай. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн тусгай хамгалалтад байдаг хүмүүс Монгол Улсын аль ч эмнэлэгт хандаж, эмчилгээ үйлчилгээ авах эрх нь илүү нээлттэй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг адил тэгш авах ёстой гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчиж болохгүй хэмээн мэдээллийн төгсгөлд тодотголоо.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ