Цахимаар газар өмчлүүлэх журам батлагдлаа

img

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Ингэхдээ газар өмчлөлийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж, журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар баталжээ. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт 4-5 байршлыг сонгон, хэсэгчилсэн төлөвлөгөөг батлууснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Хариг уг байршлуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг энэ сарын 15-ны дотор батлуулах юм байна. 

ө

Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудаст байршуулах бөгөөд энэхүү системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүдийг ил тод нээлттэй байрлуулах аж. Мөн газар өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт гаргасан тоо зэрэг мэдээлэл нь нээлттэй байх юм. Мөн нийслэлд бүртгэлтэй гадаадад сурч, амьдарч байгаа иргэд газар өмчлөх хүсэлт гаргаж болох юм байна.  Газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөн илгээснээр  тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын дугаар очно.  Газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу мэдээлэл хүлээн авсан иргэн нь өргөдлөө сонгосон газрын харъяа дүүргийн Засаг даргад хандаж гаргаснаар тухайн иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулна. Сонгогдоогүй иргэд хүсэлтийн баталгаажуулах дугаар-ыг ашиглан өөр байршилд газар өмчлөх хүсэлт дахин гаргах боломжтой юм байна. Хүсэлт гаргагч нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон, урьд нь нийслэлийн нутаг дэвсгэр болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх, нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

ө

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан байршилд тухайн өдрөөс  эхлэн хуанлийн 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна. Батлагдсан байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлийн 15 хоногоор сунгаж болно гэж журамд заажээ. Газар өмчилж авахаар сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрийн төслөөс хасч, хасагдсан иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулах юм байна. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, байршил тус бүрийн хэсэгчилсэн төлөвлөгөө, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг олон нийтийн мэдээллээр дамжуулан 3-аас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш олон нийтэл мэдээлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ