Худалдааны салбарт Өвөрмонголчуудтай хамтарна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөрөнгө оруулалтын газар”, МҮХАҮТ-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран “Монгол Улс–ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” сэдэвт уулзалтыг ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Уулзалтад ӨМӨЗО-оос эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, худалдаа, банк санхүү, байгаль орчны салбарын нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнес төлөөлөгч хүрэлцэн ирэх аж.
Харин дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай дотоодын аж ахуй нэгж байгууллагад уулзалтад оролцох эрх нээлттэй. Энэхүү үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж буй учир оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагыг Хөрөнгө оруулалтын газар болон МҮХАҮТ-нд бүртгэж буй аж. Уулзалтад оролцогчдод хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломж бүрдэж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ