Н.Батбаяр: Ирэх онд валютын ханшийг 1600-гаар төсөөлсөн
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Үндсэн чиглэлийн төслийн талаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй аж. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ДНБ-ий өсөлтийг хоёр оронтой тоонд, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах бодлогыг 2015 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 6.6 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн байна. Төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжиж, нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 31.4 хувьд, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн эзлэх хувийг -2 хувиас багагүй байлгахаар төлөвлөжээ. Мөн зээлийн хүүг бууруулах бодлогыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан аж. Эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих чиглэлээр хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудыг дэмжих тодорхой бодлого хэрэгжүүлэн, эдгээр салбаруудын өсөлтийн үр дүнгээр ДНБ-ий өсөлтийг хангах бодлого баримтлахаар төлөвлөжээ. Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
6
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-2015 онд өмнөх жилүүдээсээ ямар онцлогтой ажиллах юм бэ? Алдаа дутагдал гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох уу? Нэг хүнд оногдох ДНБ 5000 ам.доллар гэжээ. ДНБ 39 хувиар бодитой өсөх үү? Хиймэл дагуулыг хөөргөх шаардлага байна уу?
6
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-2015-2016 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол жилүүд гэж үзэж байгаа. Бүрэн эрхэд туссан асуудлаа голлож оруулсан. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд, инфляцийн түвшинд нэг оронтой тоонд байлгах , ДНБ-ий өсөлтийг хангах, ажилгүйдлийг бууруулж, хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байртай болгох, томоохон төсөл арга хэмжээнүүдийг өрнүүлэх чиглэлд зорьж байна. Манайх бага эдийн засагтай орон учир тодорхой том төслөөс хамааралтай байдаг. Тиймээс нэг төслөөс хамаардаг биш олон хувилбартай байх, нэг төсөл нь гацахад нөгөөх нь аваад явдаг байх уян хатан эдийн засагтай болгох чиглэл рүү явж байна. Мал аж ахуй бол манай суурь салбар. Эрчим хүч, уул уурхай, нийгмийн салбарт тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхээр зорьж байгаа.
6
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Ирэх он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төгсгөлийн жил. 2016 онд сонгуулийн жил болчихно. Тиймээс 2015 онд энэ Засгийн газар хийх ажилдаа анхаарал хандуулах ёстой. Үндсэн чиглэлийг харахад одоогийн байгаа түвшнээс унахаар байна. Эдийн засгийн өсөлтийг хэд гэж харж байна вэ? Валютын ханшийг яаж тооцсон бэ?
5
ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
-Зах зээлийн харилцаанд орсон өнгөрсөн 25 жилийн хугацаанд ДНБ-ий өсөлт, бууралтыг харахад таван жилд нь хасахтай, таван жилд нь хоёр оронтой тоонд өсөлттэй байсан байна. Хасахтай байсан жилүүд нь 1990-ээд оны үе. Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоонд өсөлттэй байгаа. Энэ жилийн хүлээгдэж байгаа дүнг хоёр оронтой тоогоор төсөөлж байна. Ирэх жил мөн эдийн засаг хоёр оронтой тоонд өсөлттэй байх юм. Дэлхийн эдийн засаг нэг оронтой тоонд өсөлттэй байгааг харьцуулахад манайх боломжийн хэмжээнд байгаа юм. Хөрөнгө оруулалт, зээл дээр анхаарал хандуулж байна. Өнгөрсөн жил Чингис бондоос 200 гаруй сая ам.долларын хөрөнгийг Тавантолгой, Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барихад санхүүжүүлсэн. Төмөр замын ажлын далангийн ажлууд хийгдээд явж байна. Валютын ханш дээр тодорхой арга хэмжээ авсны үр дүнд буурах ёстой гэж үзэж байгаа. Иймээс 2015 оны валютын ханшны төсөөллийг 1600 орчим төгрөгт авч үзсэн.
6
Уул, уурхайн сайд Д.Ганхуяг:
-Манай Засгийн газар Дарханд баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийг цааш нь үргэлжлүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. ТЭЗҮ иж бүрнээр дууссан. Ажлын зураг бүгд хийгдсэн түвшинд байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрээ өөрийн орон олборлож байгаа тосыг ашиглаж барь гэсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Тиймээс энэ зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Өөрийн оронд олборлож байгаа газрын тосыг боловсруулж ашиглах боломж бүрдэнэ.
6
Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэлсний дараагаар 2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ