Инновацид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хуулийн төсөл дэмжигдлээ

img

  Татварын алба дэлхийн жишигт хүрэх томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд инновацийг нэвтрүүлэх, санаачлах үүднээс олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа юм. Тэгвэл инновацийн санаачлага УИХ-ын түвшинд мөн яригдаж эхэллээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганбямбын өргөн барьсан Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн санаачлагчийн онцолсноор,  “Монгол Улс газрын хэвлийн баялаг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдгоос зөвхөн түүхий эдийн хавсарга орон болоод байна. Хэрвээ инновацийг хөгжүүлж чадвал эдийн засгийн өсөлтөө хангаж улс орны хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж байна. Тиймээс эл хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлагатай” гэж үзэж байгаа юм. Байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг өргөн барьж байгаа нь чухал гээд, инновацийг хөгжүүлэх чиглэлийг гардах байгууллага нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байхаар төсөлд тусгажээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Н.Ганбямба гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй утга санаа, агуулга нэг учраас ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа нэгтгэн хэлэлцэж, чуулганд нэг багц асуудал болгон өргөн барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Байнгын хороогоор хэлэлцсэн уг асуудлаар санал хураахад гишүүдийн дээрх байр суурийг  байнгын хороо санал нэгтэй дэмжлээ. Инновацийн сэдэв ийнхүү УИХ-ын чуулганы босгыг алхав. Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Д.Арвин, А.Тлейхан гишүүн нар танилцуулахаар боллоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ