Давид Луис: Хүү минь надад анх удаагаа хайртай гэж хэлсэн

img

Бразилийн шигшээ багийн хамгаалагч, хөгжилтэй, шооч залуу Давид Луис их сайхан сэтгэлтэй нэгэн ажээ. Талбай дээр ширүүн, ууртай гэмээр харагддаг хэрнээ Давид Луис багийнхантайгаа үргэлж хөгжилдөж, наргиа хийж явдгаас гадна гэр бүлийнхэнтэйгээ маш хүндэтгэлтэй ханддагаараа нэр хүндтэй нэгэн. Тэрбээр Бразилийн шигшээ багийн уур амьсгал Дэлхийн аваргын өмнө маш сайхан байгааг дурьдсан нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

:

-Бразилийн шигшээ багийн дотоод уур амьсгал үнэхээр атаархал төрүүлэм сайхан байх шиг. Хэдхэн хоногийн өмнө Халк шигшээгээсээ бүр холдмооргүй, үргэлж л хамтдаа баймаар санагдаж буйгаа хэлсэн байсан. Үнэхээр шигшээгийн та хэд тийм дотно сайхан харилцаатай болж чадав уу?

-Мэргэжлийн хөлбөмбөгчийн хувьд би ийм сайхан баг, хамт олны уур амьсгалд байж үзээгүй. Ийм багийн нэг хэсэг болоход онцгой, бахархах сэтгэгдэл эрхгүй төрнө. Бид бие биендээ эерэг энерги өгч чаддаг, сайхан гэр бүл л гэсэн үг. Багтайгаа аль болох удаан байхыг хүсч байна. Хамтдаа удмаар байна шүү дээ. Энэ л манай багийн амжилтын гол түлхүүр болох учиртай. Бид бие биенээ хүндлэхийн зэрэгцээ сахилга батаа чанга мөрдөж байгаа. Бүгд жаргалтай, сэтгэл дүүрэн байхад амжилтад хүрэх байх аа.

.

-Сколари Дэлхийн өөр өөр өнцөгт орших багуудаас ирсэн тоглогчдыг хэдхэн хоногт хэрхэн ингэж ойртуулж чадав аа?

-Энэ түүний туршлагатай л холбоотой байх. Тэр шигшээг хэрхэн удирдахыг мэддэг, Дэлхийн аварга хэрхэн болохыг ч мэддэг. Фелипао их шударга хүн шүү дээ. Шаардлагатай үед хатуу байж чаддаг, хэрэгтэй үед тун сайхан харилцаж, ойлгуулж дөнгөдөг. Тэр их шулуухан яриатай, нээлттэй хүн. Энэ нь харилцахад их хялбар болгож, биднээс яг юу хүсч буйг ойлгуулдаг. Түүнийг бүгд л хэн болохыг нь мэднэ, хэрхэн ажилладгийг нь андахгүй, тэгээд бүгдээрээ хүндэлдэг.

Бидний хувьд Фелипао эцэгтэй минь л адил. Түүн дээр Карлос Альберто Паррейра нэмэгдснээр улам сайн ажиллаж байгаа гэж боддог. Тоглолт бүрийн өмнө дасгалжуулагч бидэнд “Талбай дээр золбоотой, жаргалтай байгаарай” гэж хэлдэг. Тийм ээ, бид их хөдөлмөрлөж, шаргуу бэлтгэл хийж байгаа. Сэтгэл зүй болоод биеийн бэлтгэлээ базааж байна. Үүний зэрэгцээ бразилчууд хөлбөмбөгийг хөмсгөө зангидаж бус харин инээж, жаргалтай тоглодог бразил соёл, уламжлалыг бид мөрдөж чадаж байна.

.

-Өөрөө шигшээдээ Бернардтай илүү дотно юм шиг харагддаг. Тийм үү?

-Тэр яг л дүү шиг минь санагддаг. Шигшээ багт анх дуудагдаад ирэхэд нь би түүнд тусална гэж амласан юм. Би багийнхаа дэд ахлагч болохоор залуу хөлбөмбөгчдөд туслах үүрэгтэй. Бернард сайн хөлбөмбөгчөөс гадна их сайн залуу. Бид хоёр хамтдаа их хөгжилтэй байдаг л даа. Түүнийг би хөлбөмбөгийн эрдэмд аль болох хурдан бүрэн сургахыг хичээдэг юм.

.

-Таны амьдралд хамгийн эрхэм санагдсан үйл явдал юу байв?

-“Бенфика”-д тоглож байх үедээ би нэг удаа Лиссабоны дэлгүүрээр хэсч явсан юм. Тэгсэн нэг эмэгтэй намайг зогсоогоод талархлаа илэрхийлсэн. “Юунд талархаа вэ, та” гэж намайг асуухад “Өнгөрсөн долоо хоногт чи хэвлэлд өгсөн ярилцлагадаа амьдралын гол үзэл бодлынхоо талаар өгүүлэхдээ гэр бүл, анд нөхдөө хайрлан, халамжлахын чухлыг дурьдсан байсан. Өдөр бүр эцэг эхдээ хайраа илэрхийлж, халамжийн сэтгэлээр хандах ёстой гэж хэлсэн байсан. Тэгээд өчигдөр хүү минь надад анх удаагаа “Ээж ээ, би тандаа хайртай” гэж хэлсэн. Үүний чинь төлөө би чамд талархах ёстой” гэж тэр эмэгтэй хариу хэлсэн.

Энэ бол миний амьдрал дахь хамгийн том шагнал байлаа. Энэ явдал намайг зөвхөн хөлбөмбөгийн талбайд амьдардаггүй гэдгийг харуулж, ойлгуулж өгсөн. Гоолын боломж алдах, тааруухан тоглох гээд хүмүүсийн амьдралд хөлбөмбөг нөлөөлдөг л дөө. Гэхдээ энэ тохиолдол намайг үргэлж хүмүүстэй илэн далангүй, сайхан сэтгэлээр харилцахын чухлыг ойлгуулсан юм. Хөлбөмбөгийн талбайд би үргэлж өөрийгөө бүрэн шавхаж тоглохыг хичээдэг. Гэхдээ үүнээс гадна орчин цагийн хөлбөмбөгчид бусдын амьдралд сайн сайхан нөлөө үзүүлэх боломж их байдгийг би ойлгосон.

.

-Талбайд гарахаасаа өмнө хамгаалагчдаас авахуулаад шүүгч хүртэл бүхий л хүнтэй эелдэг харилцаж буй тань нүдэнд эрхгүй тусдаг. Бүгдтэй нь арай мэндэлдэггүй биз дээ?

-Би ганцаархнаа бол оргилд хэзээ ч гарч чадахгүй шүү дээ. Миний хувьд бүх хүмүүс чухал. Огтын хамааралгүй юм шиг хүн хүртэл миний амжилтад нөлөөгөө тусгасан л байдаг. Тиймээс би хүмүүст надад чухал шүү гэдгийг нь ойлгуулах, мэдрүүлэхийг хичээдэг юм. Ээж минь намайг хүн бүрийг ялгалгүй хүндэлж харилцаж бай гэж сургасан. Миний өмнө бөмбөг зөөдөг хүүхэд байх, ерөнхийлөгч байх хамаагүй, хоёуланг нь адилхан л хүндлэх ёстой. Ингэж байж л би сэтгэл дотроо галтайгаа явдаг. Хүмүүсийг баярлуулах, хүмүүсээс сайхан энерги авах дуртай. Би дэлхий дээр хамгийн сайхан мэргэжилтэй хүн. Тиймээс би хүмүүст тэр сайхнаасаа харамгүй хуваалцах дуртай.

.

-Холбоодын цомын тэмцээний үеэр Бразилийн шигшээ эргээд сэргэчих шиг санагдсан. Яг юу багийг тэгж их өөрчилсөн хэрэг вэ?

-Бид тэр тэмцээнд Бразилийн шигшээ хуучин хэрхэн тоглодог байсныг харуулсан гэж боддог. Багадаа шигшээ багийнхаа тоглолтыг зурагтар харж суухад гайхалтай хөлбөмбөгчдөөс бүрдсэн гайхамшигтай баг тоглодог байлаа. Холбоодын цомын тэмцээнд элэг нэгтнүүдийнхээ нүдний өмнө тоглох сайхан боломж бидэнд олдсон. Бразилийн бүх хүн ам, иргэд шигшээ багтайгаа тухайн үед сүлэлдэн нэгдсэн. Энэ л манай багийг маш хүчтэй болгосон юм.

Испаний шигшээгийн зарим хөлбөмбөгчидтэй хожим ярилцаж байхад манай хөгжөөн дэмжигчдийн төрийн дууллаа хэрхэн нэгдмэл итгэлтэй дуулж буйг сонсоод л “Өнөөдөр хожиж чадахгүй юм байна” гэсэн бодолд автаж байснаа хэлсэн. Одоо бидэнд дахиад нэг сайхан боломж байна. Бид энэ Дэлхийн аваргыг тэсэн ядан хүлээсэн. Бидний сэтгэл догдолж байна гэж жигтэйхэн. Гэхдээ бид юу хийхээ мэднэ. Бид сайн хөдөлмөрлөж, үүлэн дээгүүр хөөрөх бус хөрст газар дээр өөрсдийгөө хэн бэ гэдгээ харуулах ёстой.

.

-Дэлхийн аваргын үеэр их дарамт дор орох байх даа?

-Дарамт, шахалт гэдэг сайн зүйл. Дэлхийн аваргад шигшээ багаа түрүүлээсэй гэсэн чин сэтгэлийн дарамт л бидэнд ирнэ. Үүнийг сайн талаас нь л харах хэрэгтэй.

.

-Тэгээд та нар Дэлхийн аварга болж чадах болов уу?

-Тэр ойлгомжтой.

.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ