Хөлбөмбөгийн их баяр маргааш эхэлнэ

img

Хүн төрөлхтний хамгийн том спортын баярын нэг ДАШТ маргааш эхэлнэ. Бүхий л төрлийн спортоос хамгийн их үзэгч, шүтэн бишрэгчтэй гэгддэг хөлбөмбөгөөр сарын турш дэлхий дахинаар амьсгалах нь. Латин Америкийн галзуу фенүүд энэ тэмцээнд эртнээс бэлдсэн. Самба бүжгийн цоглог карнавал наадмаараа алдартай Бразилийн Сан-Паулу хотноо өнөөдөр (Улаанбаатарын цагаар үүрийн 04.00 цагт) талбайн эзэн Бразил Хорватын шигшээ багийн хамт “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд гарснаар Мундиал нэртэй гайхамшигт шоу хөшгөө нээх гэж байна. 20 дахь удаагийн Мундиалыг “пентакампионе” буюу цорын ганц таван удаагийн дэлхийн аварга Бразил 58 жилийн дараа дахин нутагтаа хүлээн авч байгаа юм.

6

Урьдчилсан шатнаас шалгаран үлдсэн дэлхийн шилдэг 32 орны шигшээ баг сугалаа татан дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөд бэлэн болоод байна. Хэсэг тус бүрт эхний хоёр байрт орсон баг шөвгийн 16-д үлдэн хасагдах журмаар тоглосоор долдугаар сарын 13-нд Рио-де-Жанейро хотын алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд үзүүр түрүүнд үлдсэн хоёр баг дэлхийн цомын төлөө хүч үзнэ.

6

Сонирхуулахад, Италийн алдартай уран барималч Силвио Газзанигийн загвараар бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг түшиж буй хоёр хүнийг дүрсэлсэн цом 36 см өндөр бөгөөд таван кг цул алтаар цутгагджээ. Дэлхийн цомыг урьд өмнө гардаж байсан найман баг бүгд энэ удаагийн Мундиалд оролцохоор шалгаран үлдэж чадсан юм. Тэдгээр нь талбайн эзэн дэлхийн таван удаагийн аварга Бразилаас гадна дөрвөн удаагийн аварга Итали, гурван удаагийн аварга ХБНГУ, дэлхийн цомыг тус бүр хоёр удаа гардсан Уругвай, Аргентин, тус бүр нэг түрүүлсэн Англи, Испани, Францын шигшээ баг юм. Харин гурвантаа үзүүрлэсэн цорын ганц баг бол Нидерланд бөгөөд тэднийг хамгийн азгүй баг гэх нь ч бий.

6

Дэлхийн цомыг гардах баг алтан медаль, 35 сая ам.долларын бай авах бол үзүүрлэсэн баг мөнгөн медаль, 25 сая ам.доллароор шагнуулах юм. Харин хүрэл медалийн эзэн 22 сая, дөрөвдүгээр байрт орсон баг 20 сая ам.доллар тус тус хүртэнэ. Түүнчлэн шөвгийн наймд үлдсэн баг тус бүр 14 сая, шөвгийн 16-д шалгарагсад тус бүр есөн сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээсээ дараагийн шатанд гарч чадаагүй багууд ч хоосон буцахгүй бөгөөд тус бүр найман сая ам.доллар авах юм. Ер нь энэ нүсэр тэмцээний шагналын сан дөрвөн жилийн өмнө ӨАБНУ-д болсон Мундиалаас даруй 37 хувиар өссөн гэнэ. Бразилийн 12 хотын цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий 64 тоглолтын 3.3 сая тасалбар хэдийнэ борлогдож дуусчээ. Тасалбарын үнэ байрлалаасаа хамааран “ард түмний” гэх 50 ам.долларын үнэтэйгээс авахуулаад люкс ангиллын 990 ам.долларын гэсэн дөрвөн ангилалтай аж. Аль ч ангиллын тасалбарыг одоо шагчдын гараас л худалдан авахаас өөр аргагүй гэнэ.

6

Хөлбөмбөг сонирхогчдын ихэнх нь энэ Мундиалд Өмнөд Америкийн аль нэг баг түрүүлнэ гэж таамаглаж буй. Үнэхээр ч Америк тивд урьд өмнө болсон аль ч ДАШТ-д “хуучин” тивийнхэн аваргалж дөнгөөгүй юм. Одоогоор Европ тивийнхэн Мундиалын арван түрүү аваад байгаа бол Өмнөд Америкийн багууд ес аваргалаад байгаа билээ.

6

2002 онд БНСУ-ын шигшээ баг сенсаац дэгдээн хагас шигшээд шалгаран дөрөвдүгээр байр эзэлсэн нь Ази тивийнхний хүрсэн хамгийн дээд амжилт юм. Харин “хар” тивийнхнээс 1990 онд Камерун, 2002 онд Сенегал, 2010 онд Гана шөвгийн наймын шатанд хүрч байсан ч өрсөлдөгчиддөө нэмэлт цаг юм уу цуврал торгуулийн цохилтоор дийлдэж байжээ. 1930 онд болсон анхны Мундиалд АНУ дөрөвдүгээр байр эзэлсэн нь Хойд болон Төв Америкийн бүсийн дээд амжилт хэвээр байгаа юм. Номхон далайн бүсийн орнуудаас Австрали 2006 оны ДАШТ-д хэсгээсээ шалгарсан төдийгүй шөвгийн 16-д Уругвайг буулган аваад тус тэмцээнд аваргалсан Италид л дийлдсэн билээ. Тус бүсийнхний өөр нэг амжилт гэвэл өмнөх Мундиалд Шинэ Зеланд хэсгийн бүх тоглолтдоо хайнцсан боловч дараагийн шатанд шалгарч чадаагүй хэрнээ нэг ч хожигдоогүй цорын ганц багаар шалгарсан явдал юм. Ингээд хөлбөмбөгийн ногоон талбайд ямар гал ноцсон тулаанууд өрнөхийг тэсч ядан ширтэх л үлдлээ. Монголын цагаар голдуу шөнө болох хэдий ч хорхойтнуудад нойр юу ч биш билээ.

6

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ