
Оройн 21 цаг. Үймээнт шуугиан, хүмүүсийн галзуурсан мэт дуу чимээ хотын төв хэсгийг тэр чигтээ бүрхэж байв. Энэ цаг үе бол 2008 оны долдугаар сарын нэгэн. Тухайн үед үймээн самууныг зохицуулахаар өөрийн албан үүргээ гүйцэтгэж явсан 397 цагдаагийн алба хаагчид байсан аж.
Тэд уурсаж, омогшин “галзуурал”-ын байдалтай байсан иргэдийг зогсоохын тулд үүргийнхээ дагуу ажилласаны хариуд өөрсдөө эцэст ньхохирч үлдсэн байна.
Тухайлбал үймээнийг зохицуулахаар хамгаалалтад гарч байсан цагдаа Э толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас татаж унадаг,тархины өвчтэй болон улмаар нас барсан аж. Тэрбээр нас барах хүртлээ хөдөлгөөнт эргүүлийн газарт албан үүргээ биелүүлж байсан бөгөөд түүний ард 1-10 насны хоёр хvvхэд нь өнчирч хоцорчээ..
Мөн 1967 оны хаврын нэг өглөө эргүүл хамгаалалтын ажилтан Цэндийн Бадамханд “сэргийлэгч” ажилдаа явж байгаад уруу газар өнхөрсөн жолоочгүй машинд дайрагдах гэж буй дугуйтай хүнийг авраад өөрөө гарч амжилгүй нас барсан аж.
Бусдын төлөө амиа алдсан баатарлаг энэ эмэгтэйн гавьяаг төр үнэлэх ёстой байсан боловч аварсан хүн нь хятадын иргэн байсан учир түүнийг шагнах “Шударга журам медаль” 90-ээд оныг хүртэл хойшилсон гэдэг. Тэрээр 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хүү нь тэр үед дөрвөн настай байсан аж.
Өнөөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөгт арга хэмжээ болсон юм. Уг өдөрлөгт дотоодын цэргийн хүчний 500 гаруй цагдаагийн алба хаагчид хүндэтгэл үзүүлэхээр ирсэн бөгөөд төрийн дуулал эгшиглэхэд тэд хоёр минутын турш босон зогсов. Мөн уг үйл ажиллагааны гол хүмүүс болох тэдний ар гэрийнхэн ирсэн байсан бөгөөд цаанаа л нэг гунигтай харцтай харагдана.
Энд ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан ажилласан 53 цагдаагийн ажилчдыг эргэн дурслаа. Тэдний намтар, түүхийг самбарын өмнө танилцуулах үеэр үзэгчдийн суудалд суух нэгэн эмэгтэй нулимс унаган байв. Түүнийг ажиглавал 65 орчим насны “эмээ” бөгөөд хүү юм уу охин нь амь үрэгдсэн бололтой гэж бодохын сацуу гэнэт л санаа алдан бодлогшрон зогссоноо нуух юун. Түүний дэргэд очин хоромхон зуур ярилцахад “Миний хүү Б.Өнөрбаатар 1998 оны таван сард ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан юм. Ажил мэргэжилтэй дур сонирхолтой сайхан хүү байсан. Тийнхүү би 2007 хүртэл замын цагдаагийн газартай хамтарч жил болгон ажил мэргэжил ур чадварын тэмцээнийг ивээн тэтгэж, мөн оролцож хамтран ажилласан.ийнхүү жил болгон энэхүү үйл ажиллагааг зохин байгуулдаг цагдаагийн бие бүрэлдэхүүндээ баярлаж явдаг” хэмээн хоолой зангируулан нулимсаа арчсан юм.
Уг “Бид мартахгүй” хүндэтгэлийн өдөрлөгийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Ч.Ганболд “Гэмт явдлын улмаас амь насаа харамсалтайгаар алдсан тусгайгын алба хаагчдын тоо улам нэмэгдэж байна. Ийм тоо бол цагдаагийн байгууллагын 90 жилийн түүхэн явцад 53 алба хаагчид байна. Нийгэм хүртэл аймшгийг дагуулаад байгаа. Бид энэхүү цагдаагийн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх арга хэмжээг 2003 онд ЦЕГ-ын даргын шийдвэрээр жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна” гэв.
Мөн энэ үеэр цагдаагийн албанд шинээр орж буй залуу алба хаагчдын тангараг өргөх ёслол болсон юм. Дашрамд дурьдахад энэ өдөр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн алба хаагчдынхаа намтар түүх, алдар гавьяаг Цагдаагийн музейн "Хүндэтгэлийн танхим" болон байгууллагын "Дурсгалын булан"-д мөнхжүүлэн дурсгалыг хүндэтгэх, баатарлаг үйлс, түүхэн баримтын талаар судалгаа хийх, ном, товхимол, богино хэмжээний кино, нийтлэл, нэвтрүүлэг, зурагт хуудас зэргээр ажиллах, сонсох зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай аж.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ