Аргентинчуудын алдаж энддэг мөнхийн бурхан
Манай нэгэн хөлбөмбөг тайлбарлагчийн ярьж заншснаар Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж үнэхээр байдаг. Гэхдээ хөлбөмбөгийн амьд бурхдын зарим нь ариун гэгээн чигээрээ мөнхөрч чаддаггүй. Хөлбөмбөгийн хаан Пелегийн хүү нь мөнгө угаасан хэргээр 33 жилийн ял сонссон бол орчин цагийн хөлбөмбөгийн сүүлчийн бурхан гэгдсэн Диего Армандо Марадона хар тамхины хэрэгт байсхийгээд л холбогддог гэмтэй. Гэхдээ л аргентинчууд одоо хүртэл Марадонаг ямар ч гэм хийлээ гэсэн 1986 оны Дэлхийн аваргаар алмааз эрдэнэ шиг гялалзаж, Алтан цомыг авчирч өгснийг нь санаж, үргэлж өргөн дээдэлсээр байдаг.
5
Манай улсад хүүхдүүдийг хөлбөмбөгт сургахаар ирсэн нэгэн бразил дасгалжуулагчтай уулзаж ярилцахад “Пеле агуу л даа. Аргентинд Марадона ямар өндөр нэрт хүндтэй байдаг билээ. Гэтэл Пеле Бразилд тийм нэр хүндтэй биш. Марадона алддаг ч гэсэн түүнийг аргентинчууд зүрх сэтгэлээрээ хайрлаж, бурхан шиг тахьдаг. Харин Пелег бол бразилчууд тэгтлээ шүтдэггүй. Тэд тэс өөр хүмүүс” гэж хэлж байсан нь санаанд буудаг юм.
5
Ингээд зөвхөн Аргентинд бус адтай хөлбөмбөгт дуртай хүмүүсийн бурхан болсон Марадонагийн 1994 оны Дэлхийн аваргаар хэрхэн гайхамшгийг бүтээж эхлээд гайд унасан түүхийг өгүүлье.
5
1994 оны Дэлхийн аваргаар Аргентины шигшээ D хэсэгт Нигери, Болгар, Гректэй оров. Альбиселестечүүд урьдчилсан хэсэгт тун тааруухан тоглолт үзүүлсэн ч үргэлж багаа өргөж, онцгой уур амьсгал бүрдүүлж, сэргээж чаддаг Диего Марадона 33 насандаа шигшээдээ дахин тоглохоор болсон нь аргентинчуудын цөсийг хөөргөж орхилоо. Аргентин эхлээд Гректэй тоглоход гоолын машин Габриэл Батистута хет-трик хийсний зэрэгцээ 60 дахь минутад Фернандо Редондогоос дамжуулалт хүлээн аваад Марадона алдарт зүүн хөлөөрөө бөмбөгийг алсын 90-ийн буланд зоож орхив. Гоол оруулсныхаа дараагаар Марадона телевизийн камерын өмнө тулж очоод яг галзуурчихсан юм шиг төрх гарган чангаас чанга хашгирч баяраа тэмдэглэлээ.
5
Аргентинчуудад бурхан нь түр дугхийчихээд гэнэт сэрсэн мэт санагдаж, даган баярлалдан хөөрцөглөж эхлэв. Тоглолтын дараа Марадона Басилегийн хамт хэвлэлийн бага хурлын өрөөнд орж ирсэн ч дасгалжуулагчдаа ярих боломж бараг олгосонгүй. Марадона 20 гаруй минутын турш өөрийг нь шигшээд дуудах нь алдаа гэж мэдэмхийрч байсан хүмүүсийг хэрхэн алдсныг сануулж, цээжээ дэлдсээр таарчээ. Ингээд хэвлэлийн хурлын заалыг орхихдоо сэтгүүлчдийн алга ташилт дор гарч, зөвхөн Дэлхийн аварга болохын төлөө л ирснээ илчилсэн байна.
6
Үүнээс дөрөв хоногийн дараа Аргентины шигшээ Нигеритэй тоглолоо. Нигери эхний тоглолтдоо Болгарыг хожчихсон, хатуухан боорцог нь мэдрэгдсэн баг байв. Тухайн үед Америкийн нэгэн телевизийн тоймч Марадонагийн Грекийн хаалганд гоол оруулсныхаа дараа нүдээ эргэлдүүлэн хашгирсан нь хар тамхины хамаарал дор байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлснийг хэлжээ. “Энэ залуу хар тамхины нөлөөнд байгаа юм биш үү” гэж тоймч өгүүлсэн байдаг.
Нигеритэй хийсэн тоглолтод хэдийгээр Басилегийн баг эхэлж гоол алдсан ч Марадонагийн оролцоотойгоор хоёрыг зөрүүлэн хийснээр ялалт байгуулж чадлаа.
6
Хожлын дараагаар Марадона хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн аварга л болохыг зорьж буйгаа дахин зарлачихаад гарах гэтэл допингийн шинжилгээ өгөхийг шаарджээ. Тухайн үед тохиолдлын журмаар багаас зарим хөлбөмбөгчийг сонгож допингийн шинжилгээ авсан юм. Гэтэл сонголтод Марадона таарчихаж. Таарчихаж ч гэж дээ, телевизийн тоймчийн анзаарсан зүйлийг мэргэжлийн хүмүүс ч бас ажсан байж болох юм.
6
Марадона допингийн шинжилгээ өгөх болсондоо их тайван хандаж, хар тамхи элдэв зүйл хэрэглэдэг үе нь хэдийнэ өнгөрсөн гэж хэлж байв. Гэлээ ч шинжилгээний хариугаар дээжээс нь допингийн төрлийн таван бодис илэрлээ. Марадона тэр даруй хэргийн учрыг ханиад хүрээд хамартаа дусаасан эмтэй холбон тайлбарлаж эхэллээ. Гэвч өмнө нь ч иймэрхүү хэрэгт сэжиглэгдэж явсан Диегогийн үгийг сонсож, итгэх хүн байгаагүй тул хөлбөмбөг тоглох эрхийг нь 15 сараар хассан юм. Энэ шийдвэрийг дуулаад Марадона “Миний хөлийг тайраад хаячих шиг л боллоо” гэж хэлсэн билээ. Марадона цаашид Аргентины шигшээд тусалж чадахаа больж, Басилегийн баг ч бурхнаа алдсандаа түгшсээр хэсэгтээ Болгарт хожигдоод, хасагдах шатанд Румынд хожигдсноор Дэлхийн аваргыг орхилоо.
6
Дэлхийн аваргын дараагаар Басиле халагдаж, харин Марадонагийн хувьд дахиад шигшээдээ дуудагдах боломж бүрэн хаагдлаа. Гэхдээ л аргентинчууд тухайн үед шигшээ багаа огт буруутгалгүй, харин ч ойлгож хүлээн авсан гэдэг. Учир нь тэдний нүдний өмнө зул жаргахдаа бадамладаг гэдэг шиг бурхан мэт шүтэгдсэн хөлбөмбөгч нь өөрийгөө амьд гэдгийг дахин нотолчихоод үгүй болсон юм чинь.
6
Дэлхийн аваргын дараагаар Диего Симеоне “Үнэхээр аймшигтай юм аа. Би ч гэсэн ханиад хүрээд дусаалга хэрэглэсэн шүү дээ. Тэнд чинь чөлөөтэй амьсгалж ч боломгүй агаартай юм билээ. Допингийн шинжилгээ авах сонголт нь над дээр таарсан ч болоосой. Тэгвэл би хэдэн сараар тоглох эрхээ хасуулна л биз. Харин Марадонатайгаа байсан бол Аргентины шигшээ медаль авчих боломжтойгоо үлдэх байлаа” гэж ихэд харамсан өгүүлж байжээ.
6
Аливаа зүйлд үргэлж сэтгэлийн их хөдөлгөөнөөр ханддаг “Хунтайж” хочит Фернандо Редондо болсон явдлын талаар “Би бөмбөг аваад л өөрийн эрхгүй Диегог хайгаад сурчихсан. Үргэлж тэгдэг. Би Диегог хайсан, гэвч тэр талбайд байсангүй. Тэр миний зүрхэн дотор байсан мөртлөө талбай дээр байсангүй” гэж ярьж байжээ.
6
Марадонагаас допинг илэрч, шигшээ нь хасагдах эхний шатанд бүдэрсэн ч гэсэн аргентинчууд түүнийг зэмлэсэнгүй. Харин мөнхийн өрсөлдөгч болох бразилчуудын цус судсаар нь гүйж буй Жоао Авеланжаар удирдуулсан ОУХХ, хөлбөмбөгийг соккер гэж нэрлэдэг, юугаа ч мэдэхгүй америк тоймч, зориудаар Аргентины шигшээг адласан АНУ-ын төр засгийг буруутгаад зогсохгүй бүр Аргентины Хөлбөмбөгийн холбооны тэргүүний суудалд мөнхийн хадаатай Хулио Грондониг ч шүүмжлээд өнгөрчээ. Грондони Марадона хоёр олон удаа хоорондоо зөрчилдөж байсан тул гэм нь бурхан дээр бус ерөнхийлөгч дээр буусан нь энэ.
6
Харин Марадона Аргентиндаа Алтан цомыг авчирсан алмааз эрдэнэ хэвээрээ үлдсэн юм.
6
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ